/2021.8.6/
Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 155,610 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг наймдугаар сарын 5-ны өдөр хүлээн авлаа.
Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна. Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны гуравдугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэнэ. Харин өнөөдрийн байдлаар 450,450 тунг хүлээн авсан. Үлдэгдэл тунг хуваарийн дагуу есдүгээр сарыг дуустал хүлээн авах болно.
Пфайзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.