С.Урансүх: Ээж минь өвчнөө ч умартан суулт хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Урансүх: Ээж минь өвчнөө ч умартан суулт хийж байна

/2021.08.04/: Улсаас буцалтгүй тусламж авсан гэж гүтгүүлсэн С. Цэвээн нэр төрөө цэвэрлүүлж авахаар засгийн газрын ордны баруун талд суулт хийгээд байгаа юм. Тэрбээр тавдугаар сарын 25-наас хойш уг асуудлыг шийдвэрлүүлэхээр энд байгаа ч өнөөдрийг хүртэл нааштай хариу сонсоогүй байна.

Тиймээс энэ талаар түүний охин С. Урансүхтэй ярилцлаа.

-Ээжийн тань суулт хийх болсон шалтгаан юу вэ?

-Манай аав 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад онгоцны ослоор нас барсан. Тэр үед би 17 настай, дүү минь 14 хөн настай өнчирч хоцорсон.

Аав маань өнгөрснөөс хойш 30 жил болсон байна. Миний дүү “Голомт банк”-аар үйлчлүүлж хохироод хууль зүйн зөвлөгөө авах гээд аавын сургууль дээр очиход танай гэр бүлд төрөөс буцалтгүй тусламж олгосон байх ёстой. Энийг архиваас асууж үзээрэй гэсэн байна лээ. Архив дээр очсон чинь 1990, 1993 онд буцалтгүй тусламж авсан байна гэж гарч ирсэн. 1990 онд бүр 700 мянган төгрөг авсан байна гэсэн. Гэтэл ээж минь аавыг нас барахад хувийн эд зүйлсийг нь ч авч чадалгүй үлдсэн шүү дээ. Тиймээс үүнтэй холбоотойгоор манай гэр бүл өмгөөлөгч авч шүүхээр явж эхэлсэн.

-Шүүх хурал хэзээ болсон бэ?

-Тавдугаар сарын 24-нд болсон. Шүүх хурлаар тухайн үед буцалтгүй тусламж авсан гэсэн архивын баримт бичиг гарч ирээгүй. Гэтэл шүүх шийдвэр эсрэгээрээ гарсан. Тийм учраас ээж маань маргааш нь энд ирж суулт хийсэн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж уулзаж таны асуудлын талаар судалж үзье, долоо хоногийн дараа хариу өгье гэсэн. Тэр баримтад ч гэсэн тэтгэмж авсан гэсэн санхүүгийн баримт гарч ирээгүй. Мөн үүнээс өөр баримт гарч ирэх боломжгүй гэж хэлсэн.

-Энэ хугацаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас өөр ирж уулзсан хүн байгаа юу?

-УИХ-ын гишүүн С. Ганбаатар, С.Одончимэг нар ирж уулзсан. Мөн Х.Нямбаатар сайд зургаадугаар сарын 28-нд ирээд "Таны асуудлыг судалж үзлээ. Талийгаачийн нэр төрийг сэргээе. Энэ тухай яам дээр очиж ярилцъя гэсэн". Уржигдар очиж уулзахад Х.Нямбаатар сайдын хэлж байсан эвлэрэх, асуудлыг шийдвэрлэх талаар зүйл огт яриагүй. Тиймээс ээж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд гараад ирсэн байна лээ.

Ер нь бол шүүх хурал ч гэсэн их балмад болсон л доо. Дотоод хэргийн их сургуулийг төлөөлж оролцож байсан Хошууч Болдбаатар гэдэг хүн “Танай аавыг бид үхүүлчихсэн юм уу, даргын тушаал байгаа л юм чинь тэтгэмж авсан байж таарна” гэж хэлсэн. Мөн шүүгч “Яагаад 30 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ? Та нар энэ талаар хаанаас мэдсэн бэ?” гэж байна лээ. Уг нь бол талийгаач албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Тиймээс гэр бүлийнх нь асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй гэж хэлэх ёстой шүү дээ.

-Ээжийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Ээж минь өвчнөө ч тоохгүй энд суулт хийж байна. Хөгшин настай хүнийг олон хоног гадаа суулгаад дорвитой шийдвэр ч өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Үр хүүхдүүдийнх нь хувьд ээжийнхээ эрүүл мэндэд санаа зовж байна. Энэ талаар мэдээгүй 30 жил явж байгаад 75 насандаа сонссон хүнд мэдээж хэцүү байгаа шүү дээ. Гэтэл тухайн үед шийдвэр гаргасан хүмүүс одоо ч гэсэн ажлаа хийгээд явж байгаа. Тиймээс ээж минь энэ асуудлыг шийдвэрлүүлж өөрийнхөө болон гэр бүлийнхээ нэрийг цэвэрлэж авна гээд өнөөдрийг хүртэл суулт зарлаад байж байна.

Манай улс кибер аюулгүй байдлын индексээрээ 85 дугаарт жагссан
Манай улс кибер аюулгүй байдлын индексээрээ 85 дугаарт жагссан
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.