Манай улс кибер аюулгүй байдлын индексээрээ 85 дугаарт жагссан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс кибер аюулгүй байдлын индексээрээ 85 дугаарт жагссан

2021.08.04

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахалж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.

Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.08.03) Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон “Үндэсний дата төв” УТҮГ-т ажиллалаа.

Мэдээлэл харилцаа холбооны технологийн хурдацтай хөгжлийг дагаад аюулгүй байдлыг хангах шаардлага зүй ёсоор тавигдах болсон. НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргадаг кибер аюулгүй байдлын индексийг тухайн улсын хууль, эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн үзүүлэлтийн хүрээнд гаргадаг.

Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг зэрэг үндэслэлээр 2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгджээ.

Монгол Улсын үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэг бүхий Үндэсний дата төвийг Засгийн газрын 2009 оны 183 дугаар тогтоолоор байгуулсан.

Манай улсыг чиглэсэн цахим халдлага 2013 оноос хойш эрчимжиж байгаа бөгөөд жилд дунджаар 14 тэрбум хандалт хүлээн авдгийн 4 тэрбум орчим нь халдлагын шинжтэй хандалт байдаг аж. Мөн зөвшөөрөгдөөгүй 3 тэрбум орчим хандалт байдгийг Үндэсний дата төвийнхөн хэллээ.

Эдгээр цахим халдлагуудыг бүртгэх, хамгаалах нь тус төвийн үүрэг бөгөөд дөрвөн ээлжээр тогтмол хяналт тавьж ажилладаг байна. Чадварлаг мэргэжилтнүүдийг төсвийн цалингаар тогтоох хэцүү гэдгийг ч хэлж байна. Мөн тус төв тоон гарын үсэг олгох болон төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийг хариуцдаг.

УИХ-ын гишүүүн Н.Учрал:

- “Манай улс төрийн үйлчилгээг цахимжуулах бодлого баримталж байна. Үүний тулд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн ямар мэдээллээ ил тод, ямрыг нь хаалттай байлгах вэ гэдгээ ялгах хэрэгтэй. Хувь хүний нууц болон мэдээллийг хэрхэн хамгаалах тухай ч яригдана.

Саяхныг хүртэл “яам бүр барилгын яам болсон” гэдэгтэй нэгэн адил Засгийн газрын яам, агентлаг бүр мэдээллийн технологийн бодлого гаргадаг, хэрэгжүүлдэг болжээ. Үүнээс болоод үр ашиггүй хөрөнгө оруулалт ихсэх, салбарын нэр хүнд унах, хоорондын уялдаа холбоо муутай, чанарын шаардлага хангахгүй, насжилт богинотой системүүд тал талд бий болсон.

Цахим гарын үсгийн тухай хуулийг батлаад 10 гаруй жил болж байгаа ч хэрэгжилт тун хангалтгүй байгаа. Тоон гарын үсгийн үйлчилгээн гурван компани олгож байна. Одоогоор 35 мянган тоон гарын үсэг олгосон нь маш чамлалттай.

Цахим засаглалыг хөгжүүлэхийн тулд суурь дэд бүтцийг бэхжүүлэх хэрэгтэй. УИХ-аас цахим засаглалын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод авах цаашлаад төр авлигагүй болох нь чухал. Мөн эдгээр хуулийн төслүүдийг баталснаар улс орны аюулгүй байдлын индекс өснө. Эдийн засаг, санхүүгийн салбарт ч ахиц гарна. Хөрөнгө оруулагчдын тавьдаг зарим шалгуурыг хангаж эхэлнэ. Мөн бид Виртуал хөрөнгө оруулалт буюу дижитал хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар зорьж байна” хэмээжээ.

Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хабаровск мужид нүүрсний боомт барихаар төлөвлөжээ
Хабаровск мужид нүүрсний боомт барихаар төлөвлөжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.