ШУУРХАЙ: МАН-аас М.Билэгт, Г.Дамдинням, С.Бямбацогт нараас ТАЙЛБАР АВНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: МАН-аас М.Билэгт, Г.Дамдинням, С.Бямбацогт нараас ТАЙЛБАР АВНА

/2022.2.18/ МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны талаарх мэдээллийг МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар өглөө. Тэрээр:

-МАН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт орсон. МАН-ын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч буруутай нь шүүхээр тогтоогдож байсан бол улстөрийн өндөр албан тушаалд нэр дэвшихгүй, томилогдохгүй. МАН-аас албан тушаалд томилогдож, сонгогдож ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэгт орсон бол 30 хоногийн дотор өөрийн хүсэлтээр МАН-аас түдгэлзүүлэх хүсэлтээ ирүүлдэг, ирүүлээгүй бол МАН-аас түтгэлзүүлдэг байх өөрчлөлт орсон.

МАН-ын 30-р их хурал нь авлигын эсрэг, дэвшилтэт нам болохоо зарласан. Энэ хүрээнд дүрмэндээ ийнхүү сахилга хариуцлагын заалт оруулсан нь монголын улстөрийн намуудаас анхдагч нь болж байна. Бусад намууд ч мөн ийм заалтыг оруулвал бусдын боломжийг хулгайлж, авлига албан тушаалын гэмт хэрэг гардаг нөхцөлгүй болно гэж үзэж байна.

Дүрмийн энэ өөрчлөлтийг шүүх бүртгэсэн тул, мөрдөгдөж эхэлсэн гэж ойлгож болно.

ДАРААХ ГИШҮҮДИЙГ МОНГОЛ АРДЫН НАМААС ГАРСАНД ТООЦСОН:

Эдгээрт УИХ-ын гишүүн асан дараах хүмүүс орж байна. Үүнд:

1. Г.Солтан

2. Б.Ундармаа

3. Д.Дамба-Очир

4. Б.Батзориг

5. Д.Хаянхярваа нарыг МАН-аас гарсанд тооцлоо.

МАН-ын Бага хурлын гишүүд холбогдох хууль хяналтын байгууллагуудаас авлига, албан тушаалын хэрэгт оролцож байгаагүй гэдэг баримтыг хавсаргах үүрэг хүлээсэн. Тиймээс дээрх 5 гишүүнийг Бага хурлын гишүүнээс мөн хассан.

ХЭРЭГ НЬ ШАЛГАГДАЖ БАЙГАА НАМЫН ГИШҮҮД:

Дүрмийн шинэчилсэн заалтаар гэмт хэрэгт оролцсон бол 30 хоногийн дотор гишүүнээс татгалзах хүсэлтээ өгөх ёстой. Хэрэг нь шалгагдаж байгаа гишүүд энд орохгүй гэдгийг Хяналтын зөвлөл шийдлээ. Учир нь дүрмийн шинэчлэлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн.

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ГИШҮҮД:

Өнөөдрийн байдлаар хуулийн байгууллагат шалгагдаж байгаа гишүүд алга. Гэхдээ нэр холбогдож байгаа намын гишүүдээсээ албан тайлбарыг ажлын 3 хоногт багтаан ирүүлэхийг үүрэг болголоо. Хууль хяналтын байгууллагат яллагдагчаар татагдсан тохиолдолд намаас татгалзах өргөдлөө ирүүлэх тогтоолыг баталсан.

МАН-ын дүрэм Их хурлынхаа 1300 гишүүний саналаар батлагдсан дүрэм байдаг. Тиймээс намын бүх гишүүнд ижил тэгш үйлчлэх ёстой.

Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Хяналтын ерөнхий хороо хэлэлцэж эхэллээ. Цаашдаа нөхцөл байдлаас шалтгаалж хэлэлцэнэ.

Тайлбар авах 8 гишүүдийн нэрс:

  1. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/
  2. Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/
  3. Х.Ганхуяг /УИХ-ын гишүүн/
  4. Г.Дамдинням /УИХ-ын гишүүн/
  5. М.Билэгт /УИХ-ын гишүүн/
  6. А.Сүхбат /УИХ-ын гишүүн/
  7. Ш.Лхамсүрэн /УИХ-ын гишүүн/
  8. Ш.Үнэнбат /УИХ-ын гишүүн/

Ц.Анандбазар гишүүний хувьд 2021 оны тавдугаар сард МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс МАН-аас гарсан хүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэх шаардлага байхгүй.

С.Энхболд сайд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
С.Энхболд сайд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.