Windows 11 үйлдлийн систем дээр Андройд аппликэйшн ажиллах боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Windows 11 үйлдлийн систем дээр Андройд аппликэйшн ажиллах боломжтой боллоо

/2022.02.18/ Microsoft компани энэ сарын 15-нд Windows 11 үйлдлийн системд зориулсан томоохон шинэчлэл буюу update гаргаж байгаагаа зарлав. Энэхүү шинэчлэлийг татаж суулгаснаар хэрэглэгчдэд удаан хугацааны турш яригдсан Андройд аппликэйшнүүдийг Windows үйлдлийн систем дээр ажиллуулах боломж нээгдэж байгаа юм.

Анх Windows үйлдлийн системийн урьдчилан турших хүсэлтээ гаргасан хэрэглэгчдэд зориулсан Beta сувгаар дамжуулан компьютер дээрээ Андройд аппликэйшн суулгах боломжийг санал болгосон билээ. Гэхдээ үүний тулд хэрэглэгчид туршилтын Windows Insider хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байлаа. Бидний хувьд Core i9 11900K процессортой тоглоомд зориулсан компьютер болон Microsoft Surface Pro X таблет дээр энэхүү туршилтын хувилбарыг ашиглаж үзсэн юм.

Ерөнхийдөө Андройд аппликэйшн компьютерт суулгах үйл ажиллагаа нь маш хялбар. Microsoft энэ төсөл дээр Amazon компанитай хамтарсан тул Microsoft Store буюу программ хангамжийн дэлгүүр нь таны Андройд аппликэйшн суулгах хүсэлтийг Amazon Appstore руу дамжуулж, та тэндээс хүссэн аппликэйшнээ татан авч суулгах юм. Энэ үед таны компьютерт Windows үйлдлийн системд зориулсан Андройд дэд систем суугдсан байх бөгөөд чухамдаа энэ технологийн ачаар л Андройд программууд таны компьютер дээр төвөггүй ажиллах учиртай.

Хэдийгээр Андройд аппликэйшнүүд нь зөвхөн өөрсдөд нь зориулсан виртуаль машин буюу зохиомол орчинд ажиллах боловч харагдах байдлын хувьд Windows программуудтай нэг доор оршиж, Start цэс буюу taskbar дээр шигтгэх, Windows программуудтай зэрэгцсэн цонх үүсгэх зэрэг бүх л байдлаараа энгийн программуудаас ялгаагүй харагдаж байхаар төлөвлөгджээ.

Одоогийн байдлаар ийнхүү шилжин ажиллах боломжтой 50 гаруйхан аппликэйшн байгаа ч Amazon Kindle, BBC Sounds дээр нэмээд хэд хэдэн тоглоом татаж суулгаж үзэхэд Arm чиптэй Surface Pro X дээр ч, Intel процессортой тоглоомын компьютер дээр ч тоглоом, аппликэйшнүүд асуудалгүй ажиллаж байсны зэрэгцээ эдгээр нь MS Word, Google Chrome болон бусад хэрэглээний программуудтай мөр зэрэгцэн Windows программ шиг л ачаалж байсныг дурдах нь зүйтэй биз ээ. Суулгасан аппликэйшнүүд нь бүгд хайлт хэсэгт илэрч гарч ирж байгаа, Start цэс, Taskbar дээр байршсан байгаа зэргийг харахад Windows программуудаас ялгарах зүйлгүй байна.

Гэхдээ бүх зүйл төгс байна гэж хэлэхэд хамаагүй эрт байгаагийн жишээ нь тоглоомонд зориулсан компьютер дээр дөрвөн Андройд тоглоом зэрэг ачааллахад CPU зарцуулалт 100 хувьд хүрч, өндөр ачаалал үзүүлжээ. Мөн Surface Pro X дээр олон тоглоом зэрэг ачааллахад гацалт үүсэх, удаашрах зэрэг шинж ажиглагдсан байна. Бид албан ёсны бус Insider Preview горимоор туршсан учир Windows 11 үйлдлийн систем хэрэглэгчдэд очиж буй албан ёсны шинэчлэл нь хавьгүй илүү болсон гэж итгэж байна.

Андройд тоглоомууд нь ихэвчлэн гар утасны дэлгэцийн хэмжээтэйгээр компьютерийн дэлгэц дээр ачаалагдаж байгаа юм. Хэрэв энэ хэмжээг өөрчилж, томруулах гэж оролдвол тоглоомууд доголдох тохиолдол мөн гарч байгаа ажээ. Жишээ нь, Final Fantasy XV тоглоомын дэлгэцийн хэмжээг өөрчлөх гэж оролдвол тоглоом нь зогсож, дахин ачаалж байна. Тиймээс гар утасны дэлгэцийн хэмжээтэйгээр нээж, өөрчлөлгүйгээр ашиглавал илүү тогтвортой, асуудалгүйгээр тоглох нь гэж ойлгож болох юм.

Энд нэг асуулт гарч ирж байгаа нь танд үнэхээр Андройд аппликэйшн суулгах чухал хэрэгцээ бий юу гэсэн асуудал юм. Бидний хувьд Kindle болон бусад гэр ахуйн ухаалаг төхөөрөмжид холбогддог аппликэйшн суулгаж ашиглах нь чухал хэрэгцээтэй байснаас гадна тоглоомууд суулгаж ажиллуулах нь маш сонирхолтой байлаа.

Windows үйлдлийн систем дээр Андройд тоглоомууд суулгаж ашиглаж болдог Bluestacks программын талаар та бүхэн сонсож байсан байх. Тус компани Windows дээр Андройд тоглоом ажиллуулах зорилгоор нилээн хүчин чармайлт гаргасан ч хожимдож энэ салбар луу орж ирсэн Microsoft компанид байр сууриа ийнхүү алдах бололтой. Мэдээж энэхүү Андройд дэд системийг хөгжүүлэх, Linux программууд туршиж үзэх боломжийг хөгжүүлэхийн тулд Microsoft маш их хугацааг зарцуулсан нь дамжиггүй. Bluestacks-ийн хувьд цаашид Андройд аппликэйшнүүдийг вэб хөтөч рүү шилжүүлж, үүлэн технологид суурилсан байдлаар Windows орчинд ажиллуулах боломжийг хөгжүүлж эхлээд байгаа ажээ.

Дээр дурдсанчлан, Microsoft Store нь Amazon Appstore-т байрласан цөөхөн хэдхэн аппликэйшнд хандах эрхтэй байгаа бөгөөд Google Play Store дахь нийт аппликэйшний тоотой жишихэд энэ дэвшил нь өчүүхэн жижиг хүрээнд эргэлдэж байгааг харуулна. Хэн нэгэн “санаачлагатай” хэрэглэгч тун удахгүй Google Play Store-ийг Windows орчинд ажилладаг болгох нь цаг хугацааны асуудал ч гэлээ Microsoft үүнийг албан ёсоор дэмжих нь юу л бол.

Товчхон дүгнэхэд, Microsoft-ийн Андройд дэд систем нь зөв төхөөрөмж, компьютер дээрээ ачаалж чадвал төсөөлснөөс хавьгүй сайн ажиллаж байгааг бид үзлээ. Хоёрдугаар сарын 15-ны шинэчлэлийг татаж суулгаснаар өмнө нь зөвхөн Beta туршигчдад нээлттэй байсан боломжийг та бүхэн ч гэсэн туршиж үзэх боломжтой болж байна.

БҮТ: Хоцорсон тохиолдолд ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгахгүйг анхаарна уу
БҮТ: Хоцорсон тохиолдолд ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгахгүйг анхаарна уу
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.