/2022.02.18/ Хэрэглээний үнийн индекс Статистик тооцооны арга, арга зүй хэлэлцүүлэг болж байна. Үндэсний статистикийн хорооны өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг "Өрхийн сарын дундаж орлого"-ын судалгааны аргыг танилцууллаа.
Энэ төрлийн судалгааг анх 1966 оноос эхлэн 2007 оны долоодугаар сар хүртэл "Орлого зарлагын судалгаа" нэр дор хийжээ. Харин 2007 оны долоодугаар сараас эхлэн "Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа" нэр дор улирал бүр нэг удаа хийдэг болсон гэв.
Өрхийн сарын дундаж орлогын судалгааг гаргахад тухайн өрхийн гишүүн бүрээс асуулга авдаг бөгөөд үүнд дунджаар 12-13 асуулга байдаг байна. Харин нэг гишүүнээс бүрэн асуулга авахад 2-3 цаг болдог байна.
Өрхийн нийт орлого нь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого болон бусад орлогоос бүрдэнэ.
Өчигдөр /хоёрдугаар сарын 17/ Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын тоон мэдээллийг нийтэлсэн.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.6 сая төгрөг болжээ.
Нэг өрхийн сарын дундаж орлогын 30.2 хувийг тэтгэвэр, тэтгэмж эзэлж байна. Харин 46.2 хувийг цалин хөлс эзэлж байгаа юм.
Дэлгэрэнгүй тоон мэдээлэл унших бол ЭНД дарна уу.