/2022.02.15/: Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийслэлийн оршин суугчдад мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр:
-Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг бүрдүүлж, нийт хүн амын 45 хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотынхоо иргэдэд энэ өдрийн мэндийг хүргэе.
Өвлийн хүйтэн өдрүүдийг залгаж хуйсганадаг хаврын өдрүүд яах аргагүй Улаанбаатар хотын хувьд төлөвлөлт, зохион байгуулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын шинэ санал санаачилга идэвхжсэн маш завгүй өнгөрдөг талтай.
Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд дэлхий нийтийг хамарсан КОРОНАВИРУС-ын цар тахлын улмаас Монголын маань, тэр дундаа Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг бүрдүүлдэг Улаанбаатар хотын маань эдийн засаг бүхлээрээ мөлхөө байдалд шилжсэн. Зарим газраа ч мөлхөх нь битгий хэл 100 хувь эдийн засгийн, ашиг орлогын тэг зогсолт зарласан нь ч бий. Иймд хотын даргын хувьд 2022 оны хаврыг УЛААНБААТАР ХОТЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ УЛИРАЛ гэж тодотгомоор байна. Тиймээс ч Улаанбаатар хотод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг дэмжсэн шийдвэрүүдийг үе шаттайгаар гаргаад явж байна. Тухайлбал, Нийслэлээс олгодог 74 тусгай зөвшөөрлийг өмнө нь хүчингүй болгосон бол, өнөөдөр үйлчилгээний салбарын цагийн хязгаарлалтыг цуцаллаа.
Иймд их хотын иргэд ээ, бизнес эрхлэгчид минь ээ та бүхэн стандартын шаардлагаа даган мөрдөж, эрүүл аюулгүй орчинд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээгээр нийслэлчүүддээ үйлчлэхийг хүсье. Тэгж чадаж байж бид бүхэн эдийн засгаа хөгжүүлж, эдийн засгаа дэмжиж, тэр хэрээр амьжиргаагаа дээшлүүлж, ажил орлоготой байж чадна.
Нийслэлийн төр захиршааны байгууллагын зүгээс “дарамт” бололгүй, аль болох зөвлөн туслах чиглэл барин ажиллах болно. Харин хууль зөрчсөн аливаа үйлдэлд хатуу арга хэмжээ авч ажиллах болно гэдгээ мэдэгдье.
Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд ажилгүйдэл эрчимтэй нэмэгдсэн. Иймд хотын даргын хувьд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлд онцгойлон анхаарч ажиллах болно. Тэгж гэмээнэ хотын иргэд маань ажилтай, орлоготой болно.
Энэ хавар бол Улаанбаатар хотын эдийн засгийг сэргээх, хотын түгжрэлийг бууруулах бодлогын болон хэрэгжилтийн огцом шинэчлэлийн жил байна аа гэдгийг дахин хэлье.
Та бүхэн минь өдрийн сайхан өнгөрүүлээрэй, баярлалаа гэжээ.