/2022.02.15/ nuuts.mn сайтын ерөнхий редактор С.Будрагчаа БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн талаар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан баримт, мэдээллийг АТГ-т хүргүүллээ.
Тэрээр:
- "Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон нь эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн төрсөн дүүтэйгээ түрээсийн гэрээ байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оныг дуустал хугацаанд 1.1 тэрбум төгрөгийг жил бүр шилжүүлж байсан баримтыг хүргүүлж байна. Тэрээр 2015-2021 оныг хүртэлх хугацаанд Монгол Оросын хамтарсан сургуулийн данснаас нийт 46 удаагийн гүйлгээгээр 5 тэрбум 805 сая 394 мянга 261 төгрөгийг шилжүүлж, авлигын эсрэг хуулийг ноцтойгоор зөрчсөнийг шалган тогтоож, гэм буруутай этгээдүүдийн хууль бусаар олсон орлогыг буцаан төлүүлж, хариуцлага тооцно гэж итгэж байна.
Ж.Соронзон захирал нь өөрийн нөхөр Н.Лүндэндоржийг өндөр насны тэтгэвэртээ гарсны дараанаас эхлэн өөрийнхөө сургуульд нийгмийн багшаар ажилд авч, түүнд сар бүр 4-10 сая хүртэлх төгрөгийн цалинг олгосон байна. Хууль гэж байдаг бол энэ хүнийг өчигдөр гэхэд л оймсыг нь гозолзуулаад баривчилна гэж бодож байлаа. Ж.Соронзон, Н.Лүндэндорж нар "Аллагын хэргийг маань Монголын шүүх яллаж чадаагүй юм. Авлигын хэрэгт маань ял оноож чадахгүй" гэж ДАНАЛЗАЖ байгаа нь байж болшгүй муухай үйлдэл юм. Тиймээс эрх бүхий байгууллага энэ асуудалд нэн даруй анхаарал хандуулаасай гэж хүсч байна.
Ж.Соронзон нь "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалайтай гэр бүлийн найзууд. Тиймээс Л.Гүндалай намайг маш муухайгаар гүтгэсэн. Нэвтрүүлгээ хийхэд надад санхүүгийн маш их бэрхшээл учирсан тул 2022 оны нэгдүгээр сарын 7-нд өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан ард иргэдээс хандив авч эхэлсэн. Шударга ёсыг хүссэн иргэд надад мянган төгрөгөөс эхлээд 888 мянган төгрөг хүртэл хандивласан. Иргэддээ баярлалаа гэдгээ хэлмээр байна" гэв.