/2022.02.15/: УУХҮ-ийн сайд Г.Ёндон ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пассон нартай уулзаж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээр Монгол Улс хилээ бүрэн нээж, вакцины бүрэн тунд хамрагдсан хөрөнгө оруулагчид, жуулчдад нээлттэй болсныг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын талаар товч мэдээлэл өглөө.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, холбогдох хуулийн төслүүдийг батлуулахаар, тухайлбал Хүнд үйлдвэрийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг салбар яамны зүгээс боловсруулаад байгаа, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан талаар дурдсан.
Мөн Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс Монгол Улсын уул уурхайн төслүүдийг чадавхжуулах, хуулийн төслүүдийг боловсруулах, зөвлөмж өгөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан дагалдах дүрэм журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ.
Сайдын хүсэлтийн хариуд Элчин сайд Ёорн Розенберг эдгээр 3 чухал хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: УУХҮЯ