/2022.02.15/: Монголын тээвэрчид 18 улс руу олон улсын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой болсон.
Одоогоор ОХУ, БНХАУ, Казахстан, Беларусь, Турк, Украин, Латви, Литва, Киргиз, Унгар, Словени, БНАСУ зэрэг улсуудтай Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгуулсан. Мөн эдгээр улсаас гадна Гүрж, Словак, Польш, Чех, Герман, Молдав зэрэг 6 улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Хэлэлцээр хараахан албажаагүй ч Засгийн газраас зөвшөөрөл олгосны дагуу эдгээр улстай зөвшөөрлийн бичиг солилцон, ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүллээ.
Түүнчлэн улс хоорондын ачаа тээвэрлэлтийг хялбаршуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Тээврийн яам хоорондын Протоколыг 2019 онд шинэчилсэн. Уг шинэчилсэн протоколоор Монгол Улс болон БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслээр Монгол Улсад, эсхүл БНХАУ болон гуравдагч улсад бүртгэлтэй чиргүүлийг чирч улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн.
Мөн автотээврийн хэрэгслээр далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх үүднээс “Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд дараах хоёр чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой. Үүнд: Азийн авто замын сүлжээний АН-3 буюу “ОХУ-ын Улаан-Үд – Улаанбаатар – БНХАУ-ын Тяньжин боомт”, АН-4 буюу “ОХУ-ын Новосибирск – Баян-Өлгий – Ховд – БНХАУ-ын Үрэмчи – Хонгираф боомт” чиглэлд ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдсэн. Гэвч Коронавирусын халдварт цар тахлаас шалтгаалан тээвэрлэлт түр хугацаанд зогссон байдалтай байна.
Эх сурвалж: ЗТХЯ