Apple компани энэ оны гуравдугаар сарын 8-ны үед хямд үнэтэй шинэ iPhone болон шинэчилсэн
iPad танилцуулахаар зэхэж байгаа гэж компанийн дотоод эх сурвалжаас мэдээлжээ.
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол 2021 оны аравдугаар сард шинэ MacBook Pro танилцуулснаас хойш явагдах шинэ бүтээгдэхүүний анхны томоохон танилцуулга болох юм. Сүүлийн үед компаниуд цахим
хэлбэрээр шинэ бүтээгдэхүүний нээлт хийдэг болоод байгаа жишгийг ч мөн тус компани дагах
байх хэмээн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлсэн байна.
Apple компанийн дөрөвдүгээр улирлын тайлан нь Wall Street-ийн таамаглалаас давж биелсэн
үзүүлэлттэй байгаа бөгөөд мэргэжилтнүүд нийлүүлэлтийн сүлжээний саатлаас үүдэлтэй
борлуулалтын хүндрэл үүсэх байх гэж таамаглаж байсан юм. Тиймээс ч тус компани 2022 он
борлуулалтын төсөөллөө тун өөдрөгөөр хийжээ.
Гуравдугаар сард шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийгээд, уламжлал ёсоор жил бүрийн дөрөвдүгээр улиралд шинэ төхөөрөмжийн нээлт хийвэл Apple-ийн хувьд энэ жил хамгийн олон шинэ төхөөрөмж зах зээлд нийлүүлсэн түүхэн жил болох юм.
Яригдаж буй шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдөр хүртэл нэг сарын зай байгаа нь бодит байдал дээр үйлдвэрлэлийн саатал, өөр бусад шалтгааны улмаас хойшлох ч магадлалтай гэсэн яриа ам
дамжин яригдаж байгаа ба энэ талаар Apple-ийн хэвлэлийн ажилтан хариулт өгөхөөс
татгалзжээ.
Таамаглаж байгаачлан, шинээр танилцуулагдах утас нь iPhone SE загварт сүүлийн хоёр жилийн
хугацаанд хийгдсэн томоохон шинэчлэлүүдийг агуулсан байх бололтой.
Тухайлбал, 5G сүлжээнд ажиллах боломжтой болж, сайжруулсан камер болон илүү хүчтэй процессороор
тоноглогдсон байх ажээ. Харин загвар дизайны хувьд анх танилцуулагдсан 2020 оны хувилбарт
өөрчлөлт орохгүй гэсэн хүлээлттэй байна.
Эх сурвалж: Bloomberg