/2022.02.09/: Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын Засаг даргын Тамгын газарт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу 2022 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлээд байна.
Орон нутагт ажиллах томилолт Өвөрхангай аймгаас эхэлж, тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцаж, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байр, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн Засаг даргад хүргүүлсэн Комиссын гишүүний Зөвлөмжийн хэрэгжилт, аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа болон цагдан хорих байранд ажиллаж хяналт, шалгалтын үйл ажиллагааг газар дээр нь хийж ажиллалаа.
Хяналт, шалгалтын хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нөхцөл байдалтай танилцаж, үе тэнгийн ялгаварлан гадуурхалт, дотуур байрны орчинд хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ ажилд хяналт тавьж ажилласан байдалд болон, Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулагдсан этгээдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйд, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үзүүлж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа юм.
Энэхүү шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлэхийн зэрэгцээ, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж шаардлага, зөвлөмжийн биелэлт, үр дүнг тооцож, олон нийтэд эргэн мэдээлнэ.
Хяналт шалгалтыг Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, Ахлах референт Х.Цэцгээ, Ахлах мэргэжилтэн Н.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Эх сурвалж: ХЭҮК