Гашуунсухайт боомтоор гарах нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гашуунсухайт боомтоор гарах нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ

/2022.02.08/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтыг хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтын мөрөөр ийнхүү шуурхай зохион байгуулсан бөгөөд уулзалтад Элчин сайд Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцав.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр улсын хооронд хэрэгжүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүд, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг тойрсон тойрог хурдны зам барих зэрэг Монголын талаас тэргүүлэх ач холбогдол өгч буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

БНХАУ-ын ХШХ-ны дэд дарга Нин Жыжө Монголын талаас дэвшүүлж буй төслүүд нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болон “Бүс ба Зам” санаачилгатай тус тус уялдаж байгааг тэмдэглээд дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн энэ уулзалтын мөрөөр дээрх асуудлуудаар дахин бэлтгэл ажлыг хангаж, холбогдох байгууллагууд хооронд энэ сарын дундуур дахин уулзалт хийж, төслүүдийг урагшлуулахаар тохиролцлоо.

Эх сурвалж: Эрдэнэсмонгол

Хөрөнгө орлогын мэдүүлгийг хамгийн бага хувьтай өгч буй байгууллагууд
Хөрөнгө орлогын мэдүүлгийг хамгийн бага хувьтай өгч буй байгууллагууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.