Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайтай ярилцлаа.
Баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажилласан бэ?
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан, Гандантэгчилэн хийд болон нийслэл, орон нутгийн 18 сүм, хийдэд сар шинийн баярт зориулсан ерөөл хурах, айлтгал заслын ном хурах үеийн хэв журмын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж ажилласан.
Мөн иргэдээс шинийн нэгний нар харах, уул, овоонд гарч ёслол үйлдэх үеийн нийт 84 байршилд хэв журам сахиулж, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн 247 хяналтын цэгт 808 алба хаагч, сонсогч, 68 тээврийн хэрэгсэлтэй 2 ээлжээр, орон нутагт 231 цэгт 452 алба хаагч, 69 тээврийн хэрэгсэлтэйгээр тус тус замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласан.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн хичнээн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бэ?
Энэ оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2 дугаар сарын 6-ныг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс нийт 11017 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 547, зөрчлийн шинжтэй 9211, зам тээврийн ослын шинжтэй 1259 дуудлага мэдээлэл байна.
Хүлээн авсан дуудлага, мэдээллийг өмнөх 7 хоног буюу энэ оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 30-ныг хүртэлх хугацааны дуудлага, мэдээлэлтэй харьцуулахад зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл 2,9 хувиар өссөн хэдий ч гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 14,4 хувиар, зам тээврийн осол 35,4 хувиар, нийт гомдол мэдээлэл 4,5 хувиар тус тус буурсан.
Баярын өдрүүдэд ямар төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ?
Баяр, амралтын өдрүүдэд хулгайлах, дээрэмдэх төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Өнгөрсөн онд коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн өдрүүдэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон учир гэмт хэрэг, зөрчил харьцангуй бага бүртгэгдсэн.
Энэ жилийн хувьд хулгайлах гэмт хэрэг 160 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 33,9 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 5 бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 16,7 хувиар, залилах гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 66,7 хувиар тус тус буурсан байна.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын улмаас 113 хүн амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Хүний амь нас хохирсон хэрэгт өвчний улмаас, амиа хорлосон, золгүй байдлаар гэх мэт олон шалтгааны улмаас нас барсан тохиолдол бүрд цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, холбогдох шалгалтын ажиллагааг хийдэг. Баяр, амралтын өдрүүдэд олон хүний амь нас хохирсон нь бүгд гэмт хэргийн улмаас биш юм.
Баяр амралтын өдрүүдэд гэмт хэргийн улмаас олон хүн амь насаа алдсан байна гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм.
Харин сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 4 хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн замын ачаалал тасрахгүй, нэмэгдэж байна. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөнөөс дээш хурд хэтрүүлэхгүй байх зэргээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Ярилцсанд баярлалаа.