Нэгдсэн брэндингтэйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэхээр санал нэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдсэн брэндингтэйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэхээр санал нэгдэв

/2022.02.08/: Соёлын сайд Ч.Номин өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг Соёлын яаманд урьж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Соёлын яамны хийж хэрэгжүүлж буй бодлого, чиглэл болоод аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар уулзаж ярилцлаа.

Өнгөрсөн онд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран “Монгол өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж байсан юм.

Энэ төлөвлөгөөнд, Монгол Улсыг гадаадад нэг цонхоор сурталчлах, нэгдсэн брэндинг бий болгох, Монгол Улсыг дэлхийд төлөөлөх соёлын бүтээгдэхүүн бий болгох зэрэг ажлууд тусгагдсан байдаг.

Энэ дагуу Соёлын яам Үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний брэндийн судалгаа зэргийг хийж, Монгол Улс олон улсад ямар байдлаар харагдаж, жуулчдыг хэрхэн татах зэрэг үндэсний хэмжээний аялал жуулчлалын бодлогын үндсэн суурийг бүрэлдүүлж байгаа юм.

Соёлын биет бус өвийг Аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоё

Мөн энэ хүрээнд Соёлын яам өөрсдийн өв соёл, нүүдлийн зан заншилд тулгуурласан соёлын аялал жуулчлал болон ижил агуулга бүхий сурталчилгаа, соёлын дурсгалт зүйл, аялал жуулчлалын төв зэргийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулан, аялал жуулчлалын салбарт оролцогч яам, бусад төрийн байгууллагатай бодлого шийдвэрээ нэгтгэж буй юм.

Монголбанк, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хийсэн судалгаагаар Монгол Улсад ирж буй жуулчдын 70-с дээш хувь нь Монголын уламжлалт зан заншил, соёл, байгальд татагдан ирдэг гэсэн юм.

Гэсэн ч нүүдлийн соёл иргэншилд тулгуурласан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, соёлын салбарын оролцоо бага, үндэсний хэмжээний нэгдсэн бодлого, брэндинггүйн улмаас аялал жуулчлалын салбар тогтворгүй байж ирсэн. Иймд, үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний брэндийн судалгаа зэргийг хийж дуусгаснаар аялал жуулчлалын нэгдсэн бодлогоо боловсруулж, соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй хөтөлбөр загварчлал зэргийг гаргах боломж бүрдэж байгаа юм.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:

“Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар БОАЖЯ болон бусад яам, төрийн байгууллагатай нягт хамтран ажиллана. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Соёлын яам өөрсдийн өв соёл, нүүдлийн зан заншилд тулгуурласан соёлын аялал жуулчлал болон ижил агуулга бүхий сурталчилгаа, соёлын дурсгалт зүйл, аялал жуулчлалын төв зэргийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой хослуулан ажиллаж байгаа.

Жуулчдын ихээр явдаг маршрутын дагуу, түүх, соёл, шашны аялал жуулчлалын төвүүдийг бий болгох боломжтой. Тэдгээр газруудад түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалт болон жуулчдад зориулсан музей үзвэрийн газар байгуулах чиглэлд БОАЖЯ-тай хамтран ажиллахаар бэлтгэл ажил үргэлжилж байна. Мөн соёлын аялал жуулчлалын гар урлал, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний чанарын тэмдэгтийг үүсгэж, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зэрэг ажлыг хийж эхэлсэн.

Энэ онд түлхүү олон улс руу чиглэсэн, жуулчдыг татах үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Энэ ажлыг хийхээс урьтаж бид өөрсдийн Үндэсний нэгдмэл үнэт зүйлд суурилсан олон улсын брэндинг бий болгох ажлаа дуусгахаар эрчимтэй ажиллаж байна. Энэ ажилд БОАЖ Соёлын яамтай нэг бодлогоор, уялдаа холбоотой ажиллаж байгаад талархаж байна” гэсэн юм.

Уулзалтад, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов.

Эх сурвалж: Соёлын яам

ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах талаар хэлэлцлээ
ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах талаар хэлэлцлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.