/2022.01.22/ АНУ-Канадын хилийн орчимд дөрвөн хүн, тэр дундаа нэг нярай хөлдөж нас барсан байдалтай олдсон бөгөөд албаныхан хүний наймаачид тэднийг орхиж явсан бололтой байна гэж мэдэгдэв.
Канадын төв Манитоба мужийн Эмерсон хотоос 10 км (6 миль) зайд АНУ-ын хилийн ойролцоо нэг өдрийн өмнө хоёр том хүн, нэг хүүхдийн цогцсыг олсон гэж албаны хүмүүс Пүрэв гарагт мэдэгдэв.
Цагдаа нар удалгүй тус газрын ойролцоогоос өсвөр насны хүү бололтой дөрөв дэх хүний цогцосыг олжээ.
Канадын Хатан хааны морьт цагдаагийн мэдэгдэлд "Тэд бүгд хүйтэн цаг агаарын улмаас хөлдөж нас барсан бололтой" гэжээ.
Цогцсуудыг их хэмжээний цасан хунгараг дундаас олсон бөгөөд тухайн үед темпратур цельсийн -35 хэм (Фаренгейтийн -31 хэм) байсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв.
АНУ-ын Хууль зүйн яамнаас нас барсан дөрвөн хүнийг "урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа" гэж мэдэгдээд тухайн өдөр хилийн ойролцоох цас ихтэй талаар тэнүүчилж байгаад баривчлагдсан бүлэглэлээс салж явсан гишүүд болохыг тогтоожээ.
Пүрэв гарагт АНУ-ын эрх баригчид Флорида мужийн 47 настай Стив Шанд гэгч этгээдийг тус бүлэглэлтэй холбоотой хүн хууль бусаар хил давуулсан гэх хэргээр буруутгасан болохыг мэдэгдэв.
Лхагва гарагт Шандыг АНУ-ын Хойд Дакота мужийн хилийн ойролцоо Энэтхэгийн хоёр иргэнтэй бичиг баримтгүй фургон машинтай явж байхад нь саатуулсан байна. Ойролцоогоор яг тэр үед бичиг баримтгүй өөр таван Энэтхэгийн иргэд ойрхон цасанд дарагдсан байхыг хууль сахиулах ажилтнууд олсон байна. Бүлгийнхэн хүйтэнд чиг баримжаагаа алдан 11 цаг явган алхсан гэж мэдэгджээ.
Тэдний нэг эрэгтэй үүргэвчиндээ хүүхдийн хэрэглэгдэхүүнтэй байсан. Байцаалтын баримт бичигт дурдсанаар түүний гэр бүлийнхэн тэднээс төөрч салж явсан тухай мэдэгдсэн гэжээ.
Хилийн цаана Манитобагийн туслах комиссар Жэйн МакЛатчи хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Энэхүү хилээр гарах оролдлогыг ямар нэг байдлаар хөнгөвчилсөн байж магадгүй бөгөөд цаг агаар Цельсийн -35 хэм, цасан шуурганы дундуур эдгээр хүмүүс нярай хүүхэдтэйгээ төөрсөн байх" гэв.
"Эдгээр хохирогчдод зөвхөн хүйтэн цаг агаар төдийгүй асар том талбай, их хэмжээний цасан шуурга, бүрэн харанхуйтай нүүр тулсан байна" гэж тэр нэмж хэлэв.
АНУ-ын эрх баригчдын гаргасан шүүхийн баримт бичигт амьд үлдсэн хүмүүсийн дунд бүлгийн нэг эмэгтэй гараа хэсэгчлэн тайруулах шаардлагатай байгаа бол өөр нэг эмэгтэй хөлдөж эмнэлэгт хүргэгдсэн боловч эмнэлэгээс гарсан гэж дурджээ.
Шүүхийн мэдүүлгийн дагуу хилийн бусад боомтуудад өнгөрсөн арванхоёрдугаар сард ойрмогхон гарсан хоёр хэрэгт Шанд оролцсон байж болзошгүй гэж эрх баригчид мэдэгджээ.