/2021.12.31/ Түлэнхийн төвийн С блокны газарт хууль бусаар барьсан 12 давхар орон сууцны барилгын ажлыг зогсоох, Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн онцгой бүсийг хамгаалах хуулийн төслийн талаар иргэн О.Энхмаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Түлэнхийн төвийн А блок 98 хувьтай, Б блок 99 хувьтай баригдаж дууссан. Харин С блокны газар баригдаагүй учраас хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн яг дор нь цогцос хадгалж байна. Энэ бол иргэдийн эмчлүүлэх эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг. Энэ газрынх нь хажууд эмч ажилчдын цайны газар байрладаг. Эрүүл мэндийн яам ийм эмгэнэлтэй явдлаа нуух гэж хичээж байна.
2004 онд 16.400 мкв талбайтай байсан бол өнөөдөр 7300 мкв газартай болчихсон байна. С блокны газарт барьсан 12 давхар орон сууцны барилга хууль бус гэдэг нь тогтоогдчихсон.
Тухайн эмнэлэгтэй холбоотой 100 орчим албан бичгийг хүргүүлсэн. Харамсалтай нь эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулахгүй байна. Хуулийн цоорхой ашигласан гэмт хэрэг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх тогтолцоо байхгүй.
Тус хуулийн хэлэлцүүлгийг ирэх оны эхний улиралд багтаан олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэхэд УИХ-ын гишүүд дэмжиж ажиллахгүй бол тэднийг огцруулах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ. 2,000 иргэн амь насаа алдсан хүнд үед тэдний төлөө санаа тавихгүй байна" гэлээ.