Тусгаарлалтад буй иргэн Б.Түвшин: Иргэдэд гэртээ 3 хоног тусгаарлагдах боломж олгох хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгаарлалтад буй иргэн Б.Түвшин: Иргэдэд гэртээ 3 хоног тусгаарлагдах боломж олгох хэрэгтэй

/2021.12.28/ Ковид19 вирүсийн хурдацтай тархдаг омикрон хувилбар гадны улс орнуудад дэлгэрээд байна. Үүнтэй холбоотойгоор гадны улс орнуудаас эх орондоо ирсэн иргэдийг гурав хоног зочид буудалд тусгаарлах шийдвэрийг УОК гаргаад байгаа билээ.

Бид тусгаарлалтад байгаа иргэдийн нөхцөл байдал ямар байгаа талаар асууж лавлахаар төлөөлөл болгон БЗД-т байрлах Lion зочид буудалд тусгаарлалтад байгаа иргэн Түвшинтэй ярилцлаа.

-Сайн явж ирсэн үү, хэзээ ирэв?
-Сайн явж ирлээ. Австралийн Сидней хотоос 26-нд эх орондоо буусан.

-Буугаад байрлах зочид буудлаа өөрсдөө сонгов уу?
-Үгүй. Онгоцны буудлаас нэр дуудаж автобусанд суулгаад, Universal med гэх нэртэй эмнэлэгийн байранд буулгах гээд аваачсан. Тэнд нөхцөл байдал үнэхээр хүнд байсан тул бид эсэргүүцсэнээр энэ буудалд авчирсан.

-Буусан буудал нь ямаршуу байна?
-Энд дажгүй байна.

-Үнэ өртгийн хувьд?
-Хоногийн 100 мянган төгрөг төлж байгаа.

-Та бүхэн эхэлж буусан буудал нь нөхцөл байдал хүнд байсан тул өөр буудалд буусан гэж сонссон. Болсон үйл явдлын талаар ярихгүй юу?
-Онгоц 19.50 цагт газардсан. Биднээс пср шинжилгээ авсны дараа автобусанд суулгасан. Автобус нь маш хүйтэн, бүх цонх нь хөлдүү байсан. Тэр хүйтэн автобусанд бид хоёр цаг хүлээсэн. Тэнд нэг солонгосын иргэн ирсэн боловч тэр хүнд мэдээлэл өгөх гадаад хэлтэй хүн байгаагүй. Нөгөө хүн яахыгаа мэдэхгүй байхад нь англиар тайлбарлаж өгсөн. Удалгүй цагдаа орж ирээд буух буудал руу нь авч явсан. Бид тэнд хоёр цаг хүлээсний эцэст Юниверсал мед гэдэг эмнэлэгийн байранд аваачсан. Тэр нь бүрэн ашиглалтад ороогүй байлаа. Бид дээшээ хэд хэдэн давхар руу нь гарч үзсэн боловч хүн тэнд гурав хоног байна гэхэд үнэхээр хэцүү байсан тул тэнд буухгүй гэдгээ хэлж, энэ буудалд авчирсан. Бидний дунд нялх хүүхэдтэй хүмүүс ч байгаа шүү дээ. Харин энд хоол унд нь дажгүй сайхан байна.

-Засаж залруулахаар зөрчлүүд байна уу?
-Зохион байгуулалт маш муу байна. Мэдээлэл дутмаг. Шийдвэр гаргачихаад л орхичихож байгаа нь тун буруу санагдлаа. Тухайн шийдвэрийн биелэлтийн үед ямар асуудал гарч болох вэ гэдгийг тооцоолж, тэр бүрт шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байх нь зүйтэй гэж бодож байна.

-Жишээ нь, Австралид ямар арга хэмжээ авч байна?
-Австралид ирсэн хүмүүсийг гурав хоног хүсвэл зочид буудалд, хүсвэл гэртээ тусгаарлагдах боломжоор хангаж байгаа. Манай УОК ч гэсэн заавал хүмүүсийг гурав хоног тусгаарлах гэж ингэж зовох шаардлагагүй мэт санагдаж байна. Иргэд өөрсдөө хариуцлагатай байж, гурав хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлах бүрэн боломжтой шүү дээ. Энэ халдварын талаар бид бүгд маш сайн ухамсарлаж байгаа. Ярилцлага өгөхдөө мөн энэ бүх нөхцөл байдлаа засаж сайжруулаасай гэж хүссэндээ л өгч байгаа юм.

-Ярилцлага өгөхөөр зөвшөөрсөнд баярлалаа.

Тусгаарлах байранд байрлаж байгаа иргэд бидэнтэй холбогдож ярилцлага өгөхийг хүсвэл [email protected] мэйл хаягаар бидэнтэй харилцах боломжтой.

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.