/2021.12.28/ Ерөнхийлөгчийн зарилгаар Хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.
Гэвч түүний ковидын шинжилгээний хариу эерэг гарсан тул Төрийн ордонд ирж шагналаа гардан авч чадаагүй ажээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, "Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа. Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж Төр засаг минь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ.
Аав минь яг миний насан дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж байсан билээ. Аав минь байсан бол хэчнээн их баярлах байсан бол гэж бодож сууна.
Өнөөдөр дэлхийд нүүрлээд байгаа энэ аюулт тахлыг тойрч гарсангүй дайраад гарсан өдөр нь ингэж давхцах юм гэж хэн санах билээ. Өчигдөр орой 21 цагт миний шинжилгээний хариу эерэг гараад тэр дороо эмнэлэгт ирж хэвтсэн. Иргэнийхээ үүргийг биелүүлж бусдыгаа эрсдэлээс хамгаалахын тулд энэ хүндэт төрийн дээд шагналаа гардаж авах цагтаа хүрэлцэн очиж чадахгүй болсондоо төр засаг болон түмэн олон та бүхнээсээ түмэнтэй хүлцэл өчиж байна. Та бүхэн минь амны хаалтаа тогтмол зүүж, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай" хэмээн бичжээ.