/2021.12.28/: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2022 оны санхүүгийн жилийн Үндэсний батлан хамгаалахын бүрэн эрхийн тухай хууль буюу NDAA-д гарын үсэг зурж батлан хамгаалахад 770 тэрбум долларын зардал гаргахыг зөвшөөрсөн тухай Цагаан ордон даваа гарагт мэдэгдэв.
Энэ сарын эхээр Сенат болон Төлөөлөгчдийн танхим батлан хамгаалах тухай хуулийн төслийг Ардчилсан нам болон Бүгд найрамдахчуудын аль алиных нь зүгээс дэмжин, Батлан хамгаалах яамны бодлогыг тодорхойлох жил бүрийн хууль тогтоомжийг олонхийн саналаар дэмжсэн ажээ.
NDAA нь жил бүр хуульчлагддаг цорын ганц томоохон хууль тогтоомжийн нэг бөгөөд өргөн хүрээний асуудлыг хөнддөг тул салбарынхан болон бусад ашиг сонирхлын өргөн хүрээнийхэн анхааралтай ажигладаг байна. NDAA нь жаран жилийн турш жил бүр батлагддаг болсон хууль юм.
Хятад, Оросын бодлогоос үүдэн Төлөөлөгчдийн танхим болон Сенат дахь Ардчилсан нам, Бүгд найрамдах намын хооронд маргаан гарснаас энэхүү хууль гацсан байсан ба эрчимтэй хэлэлцээ хийсний үр дүнд харилцан буулт хийж NDAA 2022 оны санхүүгийн жилийн цэргийн зардлыг 5 орчим хувиар нэмэгдүүлсэн байна.
Үүнд геополитикийн аюул заналхийлэл, ялангуяа Орос, Хятадтай тэмцэх стратегиас гадна цэргүүдийн цалинг 2.7 хувиар нэмэгдүүлэх, нисэх онгоц, тэнгисийн цэргийн хөлөг онгоц худалдан авах зэрэг багтаж байна.
NDAA-д Украины зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх, Украйны аюулгүй байдалд туслах санаачилгад 300 сая доллар, Европын батлан хамгаалах санаачилгад 4 тэрбум доллар, Балтийн орнуудын аюулгүй байдлын хамтын ажиллагаанд 150 сая доллар багтаасан байна.
Хятад улсын тухай тус хуулийн төсөлд Номхон далайд Тайванийг батлан хамгаалахад дэмжлэг үзүүлэх санаачилгад зориулж 7.1 тэрбум ам.доллар төсөвлөхийг Конгресс дэмжсэн ба Хятадын Шинжаан бүс нутагт албадан хөдөлмөр эрхлэлтээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг Батлан хамгаалах яам худалдан авахыг хориглох зэрэг заалт багтсан байна.
Афганистан дахь дайны асуудлыг судлах 16 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан байна. Байден тус улсад хамгийн урт хугацаанд үргэлжилсэн дайн болох мөргөлдөөнийг наймдугаар сард дуусгасан юм.
Эх сурвалж: reuters