/2021.12.23/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Хуралдаанаар Түгжрэлийг бууруулах, авто зам барихад зориулж ОУСБХБ-наас 100 сая долларын зээл авах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг эхнээсээ хангаад явж байна. Том бүтээн байгуулалтын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө санхүү шаардлагатай. Улаанбаатар хотын асуудал бол Монгол улсын асуудал. Улаанбаатар бол улсын хөгжлийн нүүр царай.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хөрөнгө мөнгө зарцуулахгүйгээр 73 үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй болгосон. Энэ бол маш сайн зүйл. Үүнтэй ижилхэн түгжрэлийг өр тавихгүйгээр шийдэх арга байна. Дуут дохиотой явдаг дарга нарыг болиулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: УИХ-ын гишүүд унтаа байдлаасаа сэрэх хэрэгтэй байна. Маш чухал асуудал хэлэлцэж байхад гадуур тэнээд явах юм. 1,2 тэрбум долларын зээл гадаадаас авах гэж байна. Баянхошууны зам засах зэрэгт зарцуулна гэж байгаа ч энэ мөнгийг нийслэлийн бодлого төлөвлөлтийг сайжруулахад зарцуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ мөнгө юу ч үгүй үрэгдээд дуусна.
Мэддэг чаддаг хүмүүсээр нь ажлаа хийлгээч. Дарга нарын цүнх барьдаг хүмүүсээр ажил хийлгүүлээд явахгүй ээ.
Газар дээрэмдээд авчихсан хулгайч нараас газрыг нь булаагаад аваач. Газрынхаа талын зараад УИХ-д сууж байсан хүн байна. Танай манай нам гэдэг зүйл байхгүй. 1 га газар хотын төвд 2 сая доллар хүрч байна.