/2021.12.23/ "Нээлттэй микрофон" цуглааныг арванхоёрдугаар сарын 30 хүртэл АН-аас өдөр бүр 15 цагаас хийхээр болжээ. Өнөөдөр үг хэлэх эрх чөлөөний талаар хэлэлцэх бол, маргаашнаас эхлэн дабль стандарт, хэлмэгдүүлэлт, хүний эрх эрх чөлөө, эмэгтэйчүүдийн жендерийн эрх, Free Бат-Үүл сэдвээр хэлэлцэх юм.
С.Эрдэнэ: Үгээ хэлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн салбар хаалттай байна. Өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн байгууллагын бодлого нь эрх баригчдыг сурталчилж байна. Нийгмийн сөрөг үзэгдлийг дурдах төдий өнгөрч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь дуугарахаа больсон цагт ард иргэдийн эрх зөрчигдөж, дарангуйлал эхэлдэг юм. Нээлттэй микрофоны цуглаанд иргэд маань оролцох хэрэгтэй.
Бид тайван замаар эрх баригчдад ойлгуулах, хамтарч ажиллах болно. Шаардлагатай тохиолдолд дараа, дараагийн үйл ажиллагааг зохион байгуулах болно.
Арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын 110 жилийн ойн баярын өдөр болно. Үндэсний эрх чөлөөг бид өөрсдөө, дипломат бодлогын үр дүнд хийж чадсан.
АН-д ямар нэг хуваагдал байхгүй, нэг л эрх зүйн бүртгэлтэй. Улсын бүртгэлд нэг л ардчилсан нам бүртгэлтэй хэвээрээ. Татвар, НД болон бусад байгууллагуудтай АН хамтран ажилладаг. Бид намын эв нэгдэл бүрэн бүтэн байдлаа хамгаалж ажиллана. Улс төрийн намын хуульд "Тухайн намын үйл ажиллагаатай холбоотой аливаа маргааныг шүүх шийдвэрлэхгүй" гэсэн заалт бий. АН-ын даргатай холбоотой асуудалд Улсын дээд шүүх оролцох үндэслэлгүй.
Наад захын эрх зүйн мэдлэгтэй хүн шууд ойлгоно. Хууль ёсны бүртгэлтэй АН-ын дарга бол С.Эрдэнэ миний бие.