/2021.12.22/ УОК-ийн өгсөн мэдээлэлтэй холбоотой мэдээлэл танилцууллаа.
Омикрон хувилбар дэлхий даяар 90 гаруй улсад тархаад байна. Халдварын тархалтаас шалтгаалан улс орон бүр өөр өөр арга хэмжээ авч байна. Манай улсын хувьд нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэний хөдөлгөөнийг хязгаарлаж, Монгол Улсын иргэн болон, манай улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийг арав хоног тусгаарлаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаадаас ирж байгаа иргэдийг бүгдийг нь гурав хоног тусгаарлах саналыг Ерөнхий сайд дэмжиж, нарийвчилсан зохион байгуулалт журам гаргахыг УОК-д гаргахыг үүрэг болгожээ.
Хилийн боомтод хийж буй хяналтад халдварын эерэг тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш хийсэн шинжилгээгээр нийт 180 эерэг тохиолдол илрээд байна. Нэр бүхий улсаас бусад улсаас ирсэн иргэдийг арав хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад оруулж байна. Гэрийн тусгаарлалтын хугацааны дөрөв дэх хоногт шинжилгээ авч байгаа ч үүнд хамрагдалт нь 30% байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
Ерөнхий сайдын зүгээс дотоодод омикрон хувилбар бүртгэгдээгүй байгаа үед аль болох хатуу хөл хорио тогтоохгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж, гадаадаас ирсэн бүх иргэдийг гурав хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг гаргасан.
Цагаан сар 2022 оны хоёрдугаар сарын 2-нд болно. Энэхүү баяр ойртож байгаатай холбогдуулан төрийн золголтыг хийхгүй байх, айл өрх иргэдийг өргөн дэлгэр баяр тэмдэглэхгүй байх зөвлөмжийг УОК боловсруулж гаргах чиглэлийг өглөө.