/2021.12.21/: УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн үйлчилгээний цахимжуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийг Е-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан шинээр авах, сунгуулах үйлчилгээг нэвтрүүлсэн талаар мэдээлэл өглөө.
Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн биеэр оршин суугаа газрын ЗДТГ-таа очих шаардлагагүй болж хүсэлтээ цахимаар илгээн төлөөллийн хүнээрээ үнэмлэхээ авахуулах боломж нээгдэж байгааг онцлов.
Мөн нийгмийн даатгал, халамж болоод шинээр цахимжуулсан үйлчилгээнүүд тэр дундаа ажилгүйдлийн тэтгэмжээ цахимаар авах боломжтой болсон, ажил олгогч шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулж цахимаар илгээж цаг зав, зардлаа хэмнэх боломжтой зэрэг сүүлийн үеийн цахимжуулалтын ажлаас цохон дурдсан юм.
Эх сурвалж: ХНХЯ