/2021.12.21/: Японы тэрбумтан Юсаку Маэзава 2023 онд Илон Маскийн SpaceX-ээр сарыг тойрон аялах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд түүний өмнө дадлага болгож сансарт 12 хоног аялсны дараа даваа гарагт эх дэлхийдээ эргэн иржээ.
12 дугаар сарын 8-нд Казахстаны Байконур сансрын буудлаас өөрийн туслах Йозо Хирано, Оросын сансрын нисэгч Александр Мисуркин нарын хамтаар хөөрсөн 46 настай загварын магнат, урлагын бүтээл цуглуулагч Казахстаны тал нутагт газарджээ.
Сансар сонирхогч Маэзава Союз сансрын хөлгөөр аялж, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Олон улсын сансрын станцад (ОУСС) аялсан анхны сансрын жуулчин болов.
Японы хамгийн алдартай нийгмийн зүтгэлтнүүдийн нэг Маэзава өөрийн төрөлх Чиба мужийн гэрэл зургийг авч, таталцлын хүчгүй орчинд хэрхэн цай чанаж болохыг харуулж, шинэхэн дотуур хувцасны хомсдолын талаар ярилцан олон нийтийн сүлжээний дагагч нараа сансраас зугаацуулж байжээ. Бизнес эрхлэгч Казахстаны төв хэсэгт орших Жезказган хотоос зүүн өмнөд зүгт 150 км (93 миль) зайд буух газарт хур тунадастай байсан ба температур тэгээс доош хэмтэй, цастай нөхцөлд дэлхийдээ буцаж иржээ.
Жефф Безосын Blue Origin зэрэг арилжааны фирмүүд чинээлэг үйлчлүүлэгчдэд сансарт аялах шинэ эрин үеийг эхлүүлснээр Маэзава 2023 онд SpaceX-ийн сарны аялалын анхны хувийн зорчигч болох юм байна. 2019 онд өөрийн онлайн загварын бизнес Zozo (3092.T)-ийг SoftBank-д зарсан тэрбумтан 2023 онд саран дээр хийх аялалдаа түүнтэй нэгдэх найман хүнийг хайж байгаа бөгөөд өргөдөл гаргагчдаас эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах, ярилцлага өгөхийг шаардаж байгаа ажээ.
Эх сурвалж: reuters