/2021.12.21/ "Эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн байш болзошгүй охины талаар өнгөрсөн аравдугаар сард мэдээлж байсан. Энэ хэргийн талаар нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хэргийг хаахаар болж байна. Одоогоор охины сэтгэл санаа тогтворгүй байгаа. Дээрх хэргийн талаар охины ээж, өмгөөлөгч нар мэдээлэл өглөө.
- "Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд шулуун гэдэс гэмтсэн, урагдал байна гэсэн. Архангай аймгийн эмч нар үзэхэд урагдал байна, хүчирхийлэл үйлдсэн байна гэж хэлсэн. Гэтэл хотод ирэхэд өөрөөр эргэлээ. Охины маань хууль ёсны төлөөлөгчөөр намайг тавихгүй байна.
Ээжийнхээ хажууд байхад тайван байдаг ч яасан нь мэдэгдэхгүй гэнэт орилж, сэтгэл санаа нь тогтворгүй байдаг. Зүрх муутай гэнэт л "ёооё" гэдэг. Сэтгэлзүйчтэй холбогдож байна, миний охинд дор хаяж хоёр жилийн сэтгэлзүйн эмчилгээ хийгдэхээр байна гэсэн. Би л хэргийн талаар тэмцэж явж байгаа ч далдуур эцэг эх, хамаатан садангийнхаа хүчирхийлэлд өртөж байгаа олон хэрэг гарч байна. Надад ямар нэг хөрөнгө мөнгөний төлөө явсан зүйл байхгүй" хэмээн охины ээж Ш.Булганням хэлэв.
Өмгөөлөгч Л.Баттогтох:
- "Энэ хэрэг Архангай аймагт гарсан. Хүүхдийг үзүүлэхэд урагдалтай байна гэж дүгнэлт гарсан юм. Прокуророос харьяалал тогтоохдоо Сонгинохайрхан дүүрэгт шалгуулахаар өгсөн. Ингэхдээ Архангай аймгийн эмнэлгийн дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд урагдал байхгүй гэж гараад байгаа" гэв.