/2021.11.23/: АНУ-ын эрх баригчид Висконсин дахь Христийн Мэндэлсний Баярын жагсаалын үеэр жагссан олон руу машинаар дайрснаар таван хүний аминд хүрсэн 39 настай эрийг баривчилсан юм..
Милуоки хотоос баруун тийш 32 км-ийн зайд орших Ваукеша хэмээх жижиг хотын цагдаа нар Милуоки хотын оршин суугч Даррелл Э.Брукс юунаас болж олон хүн рүү машинаар дайран 48 хүн бэртээх болсныг мэдэхгүй байна хэмээн мэдэгдсэн байна. Гэмтсэн хүмүүсийн дотор хоёр хүүхэд байгаа ба тэдний биеийн байдал хүнд байгаа хэмээн мэдээлжээ.
Ваукеша хотын цагдаагийн дарга Даниэль Томпсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Тэр замын хаалт болон цагдаагийн офицеруудын хамгаалалт дундуур шууд дайран орсон. Тухайн үед түүнийг цагдаа нар хөөгөөгүй байсан" гэв.
Томпсон “Хэрэг гарснаас хойш хэдхэн минутын дараа хэргийн газарт очиход эмх замбараагүй байдал, эмгэнэлт явдлыг үл харгалзан хохирогчдод тусламж үзүүлж байсан баатарлаг иргэдийг харсан" хэмээн нэмж хэлэв.
Ням гарагт болсон аллагын дараа гудманд ягаан малгай, өрөөсөн гутал, энд тэнд цацсан чихрээр дүүрсэн байжээ. Мөн хотын төвийн дүүрэгт ихэнх дэлгүүрүүдийг хаажээ.
Холбооны мөрдөх товчоо орон нутгийн цагдаа нарт мөрдөн байцаалт явуулахад нь тусалж байгаа ба Брукс нь өнгөрсөн сард цагдаагийн офицерын тавьсан шаардлагыг биелүүлээгүй хэргээр гэрийн хорионд байсан ба 1000 ам.долларын торгууль төлөн суллагдсан байжээ.
Ваукешагийн оршин суугч 33 настай Брайан Хоффман хэлэхдээ, "машин жагсаалд оролцогчдыг дайрах үед хэргийн газрын ойролцоох тавцан дээр сууж байсан ба би хүүхдүүдийг дайрахыг харсан" гэж хэлэв.
Висконсин мужийн Хүүхдийн эмнэлгийн ажилтнууд даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр 18 хүүхдийг эмчилж байгаа ба зургаагийнх нь биеийн байдал хүнд, гурвынх нь биеийн байдал маш хүнд байгаа гэж мэдэгдэв.
Үлдсэн хүмүүсийн биеийн байдал хэвийн буюу эмнэлгээс гарсан байна. Эмнэлгийн зүгээс нас барсан хүмүүсийн талаар дурдаагүй байна.
Амиа алдагсдын дунд "Бүжиглэж буй эмээ нар" хамтлагийн гишүүд байсан гэж Даваа гарагт фэйсбүүк хуудсанд нийтэлсэн байна.
Даваа гарагт сургуулиуд хаалттай хэвээр байлгаж суралцагсадтай сэтгэлзүйчид ажиллана гэж дүүргийн сургуулийн захирал хэлэв. Ваукешийн эрх баригчид хохирогчдын гэр бүлүүдэд зориулсан сан байгуулсан гэж мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүний засаг захиргаа Ваукеша дахь нөхцөл байдлыг "маш анхааралтай" ажиглаж байна гэж мэдэгдээд даваа гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ "Нийтээрээ энэ аймшигт хүчирхийллийн үйлдлийг даван туулахын тулд тэмцэж байна" гэжээ.
Эх сурвалж: reuters