Цаа бугыг зургаа дахь хошуу мал болгож өгөхийг хүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаа бугыг зургаа дахь хошуу мал болгож өгөхийг хүслээ

/2021.11.23/: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх улсын дархан хилийг эргэж, хилчин байлдагч нартай уулзлаа.

Ерөнхийлөгчийг улсын хамгийн хойд цэг Монгол шарын даваа, хилийн 350 дугаар баганын дэргэд ахлах ахлагч Т.Дугарсүрэн тэргүүтэй хилийн манаа угтан авлаа. Монгол Улсын хил хамгаалах тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх хугацаанд гадаад болон дотоод талд илэрсэн зүйлгүй. Монгол Улсын хил тайван байгааг хилчид илтгэв.

Хилчин цэрэг эрсийн ач буянаар Монгол Улсын 3.3 сая хүн тайван амгалан амьдарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэлээд, нийт хилчид болон гэр бүл, төрөл төрөгсдөд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч дараа нь Соёмбот хүрэл хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 184 дүгээр зарлигаар Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, монголчуудын түүх, соёл, өв уламжлал, хөгжил дэвшил, мөнх оршихуйг бэлгэдсэн Соёмбот хүрэл хөшөөг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ганхуягаар бүтээлгэн, зүүн захын цэг Дорнод аймгийн Соёлз уулын Модтой хамар, өмнөд захын цэг Орвог гашууны бор толгой, баруун захын цэг Алтай Таван богд уулын Цаст даваа, хойд захын цэг Монгол шарын даваанд босгосон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр зүүн, баруун тайгад амьдарч байгаа цаатан иргэдтэй уулзлаа. Тэр бүр уулзаад байдаггүй цаатан иргэд төрийн тэргүүнийг ирэх сургаар зүүн тайгадаа цугласан байлаа.

Цаатан иргэд ан ав хийж, цааны түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүнээ борлуулж орлого олох боломж хомс. Төрөөс сар бүр тэтгэмж авдаг болсон нь амьдрал ахуйд нь маш их нэмэр болж байгааг цаатан иргэд хэлж байлаа. Цаатан иргэд цаа бугаа хүнсэндээ хэрэглэхээ бараг больж, энэ хэрээр нэг үе 400-аар тоологдож байсан цаа бугын тоо толгой одоо 2,000 гаруй болжээ.

Тайгад амьдардаг цаатан иргэнд 2013 оноос эхлэн Хангайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшинтэй , хүүхдэд түүний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр сар бүр тэтгэмж олгодог болсон. Цаатан иргэн энэ онд сар бүр 213800, хүүхэд 106900 төгрөг авч байна. Мөн 2016 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцаж, нийгмийн даатгалд хамруулж байгаа юм.

Өнөөг хүртэл тэтгэмж, шимтгэлд нийт 5.2 тэрбум төгрөг зарцуулсан. 2021 оны 10 дугаар сарын байдлаар гэхэд л 395 иргэн, хүүхдэд 671 сая төгрөгийн тэтгэмж олгож, 192 хүний 140 орчим сая төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаад байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэллээ.

Цаатан иргэд цаа буга маллахыг туслах аж ахуйд тооцож байгааг өөрчилж зургаа дахь хошуу мал болгох хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгчид илэрхийллээ. Ингэвэл цаатан иргэд малчин өрхөд тооцогдож тэтгэвэр авах, арилжааны банкны зээлд хамрагдах зэрэг боломж бүрдэхийг хэллээ.

Мөн Улаан тайгыг улсын тусгай хамгаалалттай газар болгосон нь цаа бугаа маллаж амьдрахад хүндрэл үүсгэж байгаа учир дэглэмийг нь бууруулахад анхаарахыг хүсэв. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын багийн эмч Н.Даваажав эм, тарианы байнгын нөөцтэй байх, багийн эмчид олгодог байсан 40 хувийн нэмэгдлийг сэргээхийг хүслээ.

2022-2023 оны хичээлийн жилээс хүүхдүүдэд тува хэл заах болсонд талархаж байгаагаа сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Оюунбадам хэллээ. Цаашид зуны улиралд залуусыг тува хэлний сургалтад хамруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Өвөрмөц соёл, аж ахуйтай цаатан иргэдийг төр, засаг онцгойлон анхаарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодотгож, тулгамдсан асуудлыг нь цогцоор нь судалж үзэхээ хэлэв. Мөн хилийн 0257 дугаар ангийг өргөтгөж, ирэх жилээс Цагааннуур суманд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих болсныг дуулгав. Түүнчлэн бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчноо хамгаалах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр ажиллахаа хэлж, цаатан иргэдийг ой мод, гол усаа хайрлаж хамгаалж байхыг захилаа.

Эх сурвалж: ЕТГ

Барилгын материал үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн 2021 нээгдлээ
Барилгын материал үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн 2021 нээгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.