/2021.7.26/ - Нийслэлийн хөнөөлт шавжийн голомт өсөх хандлагатай байна -
Нийслэлийн байгаль орчны газраас "Сүүлийн жилүүдэд ойн доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан шавжийн амьдрах таатай нөхцөл бий болж зарим зүйлийн хөнөөлт шавжийн голомт үүссэн талбайн хэмжээ өсөх хандлагатай байна" гэж мэдээллээ.
Нийслэлийн ногоон бүсийн ойн санд 5 баг, 31 овгийн 100 гаруй зүйлийн хөнөөлт шавж бүртгэгдсэнээс 18 зүйлийн модлог идэшт шавж, 6 зүйлийн навч, шилмүүсний хөнөөлт шавжийг тодорхойлсон байна.
Хөнөөлт шавж нь модны навч, шилмүүс, модлогоор хооллож модны өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлөн ойг доройтолд оруулдаг бөгөөд 2-3 жилийн давтамжтай хортонд нэрвэгдсэн ой дахин сэргэн ургах чадваргүй болдог байна.
Байгаль орчны газраас ногоон бүсийн хөнөөлт хортон шавж устгах ажил явагдаж байна. Тиймээс хот орчмоос жимс, самар түүж идэхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар