/2021.11.04/ Ардчилсан намын Улс Төрийн Зөвлөл тус намыг 30 жилийн түүхэндээ байгаагүй онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэн “Онц Их Хурал” зарласан. Энэхүү хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 5-нд болно.
Уг Их хурлын төлөөлөгчөөр Ардчилсан намын Хоёр зуун мянган гишүүд, дэмжигчдийн төлөөлөл 1,318 төлөөлөгч Монгол улсын өнцөг булан бүрээс сонгогдсон байна. 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон Их хурлын төлөөлөгчид цуглан хуралдаж намдаа үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн шийдвэрлэх юм.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийн хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Өмнө нь “Эв нэгдлийн Их хурал” гэж нэрлэж байсан ч намын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, үл ойлголцол, болон 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараалан ялагдал хүлээсэн учир ийнхүү "Онц Их Хурал" зарлажээ.