Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал ирэх жил хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул Ikea үнээ өсгөх гэж байна. Лхагва гарагт Ikea тээвэр, түүхий эдийн зардал нэмэгдсэнээс болж бүтэн жилийн ашиг нь буурсан гэж мэдээлэв.
Ирэх жил эдгээр зардлынхаа зарим хэсгийг өөрийн худалдааны цэгүүд рүү шилжүүлж, улмаар үйлчлүүлэгчдээс нэмэлт төлбөр авах боломжтой гэж Ройтерс агентлагт мэдээлжээ. Ковидын тахлын улмаас эдийн засаг сэргэж байгаа энэ үед бизнесүүд нийлүүлэлтийн сүлжээний асуудалтай тэмцэж байна.
Шведийн тавилгын том компани тахлын үеэр хүмүүс гэртээ илүү их цаг зарцуулж байсан тул тавилгын эрэлт ихтэй байв. Гэсэн хэдий ч франчайз эзэмшигчдэдээ бараа борлуулж, орлогынхоо дийлэнх хувийг бүрдүүлдэг Ikea группын татварын өмнөх ашиг есдүгээр сар хүртэлх хугацаанд 16 хувиар буурч, 1.7 тэрбум евро болжээ.
Царт тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад ашиг 4 хувиар буурсан байна. Санхүүгийн жилийн хоёрдугаар хагаст тээвэр, түүхий эдийн үнэ огцом өссөн нь орлогод хамгийн их хохирол учруулсан гэж тус компани онцолжээ.
"Ikea-н дэлгүүр, агуулахуудад нөөц барааг хадаглах нь бэрхшээлтэй байсан. Нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь бүтээгдэхүүний олдоц мэдэгдэхүйц буурахад хүргэсэн. Энэ нь 2022 оны санхүүгийн жил хүртэл үргэлжилнэ гэж бид бодож байна" гэв.
Ikea 1000 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорьж байгаа
Санхүүгийн захирал Мартин ван Дам 2022 оныг "илүү их сорилттой, илүү хүнд жил" байх болно гэж бодож байгаагаа илэрхийлээд, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний хямрал, эрчим хүчний өндөр үнийн нөлөөлөл хэсэг хугацаанд үргэлжилж магадгүй гэжээ.
Ikea компанийн гүйцэтгэх захирал Жеспер Бродин аравдугаар сарын дундуур боомтууд дээр үүссэн түгжрэл нь ханган нийлүүлэлтийн асуудалд хүргэсэн гэж хэлсний дараа ийм мэдэгдэл хийсэн байна.
Тус компани бүтээгдэхүүний хомсдолыг арилгахын тулд нэмэлт тээвэрлэлтийн үйлчилгээг худалдаж авахаас өөр аргагүй болсон аж.
Эх сурвалж: BBC