Өчигдөр /арваннэгдүгээр сарын 2/ Төрийн ордонд Хүний эрхийн дэд хорооны хуралдаан болсон юм. Хуралдаанаар хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний талаар хэлэлцсэн.
Энэ 2021 онд нийт 189 жагсаал болж, 9 удаагийн өлсгөлөн зарласан байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Манай улсад жагсаал цуглаан байгуулах тоо багадаагүй. Энэ онд 200 гаруй жагсаал цуглаан болсон.
Эндээс харахад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хангалттай байгаа юм байна гэж бодож байна. Жагсаал цуглаануудын дийлэнх олонхыг улстөрийн намууд, улстөрийн намтай хамаарал бүхий улстөрчид зохион байгуулдаг.
Өөрсдөө зохион байгуулж ард нь суучихаад, хэрэг дээрээ туг нь болсон нэг хоёр хүн буруутан нь болдог. Шаардлага тавьсан цагдаагийнхан буруутдаг. Цагдаагийнхан хуулиа зөрчвөл хариуцлага хүлээх нь тодорхой байгаа шүү дээ.
Харин Хүний эрхийн үндэсний комиссын дурьдаж байгаагаар хууль зүйн туслалцаа авах боломж бага байгаа бол түүнийг засаж ажиллах нь зөв байх. Харин би бол жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо бичих эрхгүй байна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хангалттай байна гэж бодож байна.
Төрийн байгууллагууд өөрсдөө хандлагаа өөрчил, жирийн иргэдийг битгий хохироо, ажлаа хийж байгаа хууль ёсны байгууллагуудыг битгий хутгалдуулаад, төрийн байгууллага иргэдийг хооронд нь хагаралдуулаад байгаа нь улстөрчид гэж бодож байна.
Ингэж хэлсэн нь хүний эрхийн активистуудын дунд шүүмжлэл дагуулаад байгаа юм.