/2021.11.01/ Өнөөдрөөс урлаг, соёлын арга хэмжээг нээж байгаатай холбогдуулан УОК, НОК-оос мэдээлэл хийж байгаа юм. Энэ үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг сэргээхтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Манай улс автозам болон агаарын тээвэрлэлтээ сайжруулах шаардлагатай байна. Цар тахлыг даван гарах шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Үүнийг хэрэгжүүлж буй гол зорилго нь аж ахуй нэгж, хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд саад болж буй хязгаарлагч хүчин зүйлсийг байхгүй болгох тал дээр анхаарах явдал юм. Хязгаарлагч хүчин зүйл гэдэг нь тээвэр, шатахуун, эрчим хүч, төрийн хүнд суртал, авлигал зэргийг үгүй болгоход төрөөс стратегийн хөрөнгө оруулалт хийхийг хэлж байна. Бусад нь хувийн хэвшлийнхний хийх ёстой ажил. Ингэж байж бид одоо байгаа 50 орчим их наяд төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж 100 их наяд төгрөг болгох боломжтой. Төр угаас бүх зүйлийг хийдэг субъект биш. Төр бүх зүйлийг хийнэ гэвэл бид чөлөөт зах зээлийн эдийн засгаас татгалзах хэрэгтэй.
Чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчим бол төрөөс хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаанд саад болж буй зүйлсийг байхгүй болгож дэмжихэд оршино" гэв.