/2021.11.01/: Хятадын коксжих нүүрсний эрэлт энэ оны дөрөвдүгээр улиралд нийлүүлэлтээс давсан хэвээр байх төлөвтэй байгааг "S&P Global" мэдээллээ.
Тодруулбал Хятадын нүүрсний эрэлт дөрөвдүгээр улиралд сард дунджаар 46 сая тоннд хүрч эрэлт 1 сая тонноор давах тооцооллыг “Baosteel”-ийн судалгааны нэгж “Hwabao Securities” гаргажээ.
Тус улсын Засгийн газраас коксжих нүүрсний олборлолтыг хязгаарлах бодлогыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх болсон байна. Тус судалгааны нэгж оны сүүлийн улиралд Хятад улс сард дунджаар 4 сая тонн коксжих нүүрс импортлох бол дотоодын коксжих нүүрсний олборлолт сард 41 сая тонн байна гэж таамаглажээ.
Хятадын коксжих нүүрсний олборлолтыг тогтсон хэмжээнд барих бодлого нь оны эхний найман сарын байдлаар дотоодын олборлолтыг 3.63%-иар бууруулж 352.4 сая тоннд хүргэхэд нөлөөлсөн байна.
Зөвхөн олборлолтыг хязгаарлах арга хэмжээ төдийгүй байгаль орчны хяналт, нүүрс борлуулах зөвшөөрөл зэрэг нь нүүрсний уурхайнуудын гарц буурах шалтгаан болжээ.
Өнгөрсөн зургадугаар сарын сүүлийн хагасаас эхлэн дотоодын уурхайнуудад аюулгүй ажиллагааны хяналт шалгалт явуулж эхэлсэн нь ч гарц буурах хүчин зүйл болсныг тэмдэглэх хэрэгтэй.
Эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг ерөнхийд нь авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн нүүрсний нийлүүлэлт хумигдаж эрэлтээ гүйцэхгүйд хүрсэн байна. Ингэснээр энэ оны наймдугаар сарын эцэс хүртэлх хугацаанд ойролцоогоор 20 сая тонн орчим коксжих нүүрсний нийлүүлэлтийн алдагдал Хятадын зах зээлд үүсчээ. Ойрын хугацаанд коксжих нүүрсний нийлүүлэлийг нэмэгдүүлэхэд багагүй хүндрэл үүсэхийг Хятадын Нүүрс тээвэр, түгээлтийн холбоо мэдэгджээ. Учир нь коксжих нүүрсний нийлүүлэлт дэлхий дахинд төдийлөн их биш байгаагийн сацуу улс орнуудын гангийн нүүрсний эрэлт зэрэгцээд нэмэгдэж байгаа ажээ.
Энэ оны дөрөвдүгээр улиралд Хятад улсын гангийн гарц 261 сая тонноор хэмжигдэх тооцоололд үндэслэвэл төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлт өндөр байх төлөвийг “Hwabao Securities” онцолжээ.
Энэ жилийн хувьд Хятад улс Австралиас хоёр улсын худалдааны маргаантай холбоотойгоор нүүрс огт авахгүй байгаа учир өөр эх үүсвэрээс татан авалтаа нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ оны эхний найман сарын байдлаар Хятад улсын ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээ 75%-иар нэмэгдэж 6.9 сая тоннд хүрчээ. Индонезээс импортлох хэмжээ гурав дахин өсч 1.54 сая тоннд очсон төдийгүй АНУ, Канадаас авах коксжих нүүрсний хэмжээ нь ч нэмэгджээ.
Харин манай улсын хувьд нүүрсний экспортын боломжоо бүрэн ашиглаж чадаагүй ч ханшийн өсөлтөөр нүүрсний худалдаа орлогын үзүүлэлтээр өнгөрсөн оны түвшинд байгаа юм.