/2021.10.26/ Өнөөдөр Оюутолгой компанийн үйлдвэрчний хороо, Багануур хувьцаат компанийн үйлдвэрчний хороо, Болд төмөр ерөө компанийн үйлдвэрчний хороо, Таван толгой компанийн үйлдвэрчний хорооны гишүүд хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Хөдөлмөрийн хууль долдугаар сарын хоёрны өдөр баталсан. Тус хууль нь ирэх жилийн нэгдүгээр сарын нэгнээс эхэлж мөрдөж эхлэх юм. Гэтэл хууль хэрэгжиж эхлээгүй байхад нэр бүхий УИХ-ын гишүүд, худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Монголын үндэсний ажил олгогчдын нэгдсэн холбооноос хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх гэж эхэлсэнд эсэргүүцэл үзүүлж мэдэгдэл хүргүүлсэн юм.
Бүх уурхайчид 14/14 хуваарийг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. 28/14 хуваариар ажиллах нь гэр бүл салалт, ажлын ядаргаа стрессийг нэмэгдүүлдэг хэмээн тэдний төлөөлөл хэлсэн юм. Хэрвээ ажиллах хуваарийг тэдний хүсэж байгаагаар хэрэгжүүлэхгүй бол ажил хаялт зарлахаа мэдээллээ.
Оюутолгой компанийн үйлдвэрчний хорооны дарга н.Баярмаа:
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Улаан бал" нэвтрүүлгээр орохдоо: "Оюутолгой компанийн нэрийг дурдаж 14/14 ажиллах хуваарийг тус компани хойшлуулах хүсэлт гаргасан. Хэрвээ засгийн газарт саналаа оруулбал УИХ-д дэмжээд баталхад бэлэн" гэх албан байр суурийг илэрхийлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар манай компанид 14/14 гэх тэгш ажил амралтын хуваарийг ирэх жилээс хэрэгжүүлж эхэлнэ гэх мэдээллийг бүх ажилчдад хүргэсэн.
Үүнтэй холбоотойгоор манай компанид 160 гаруй ажлын байр нээгдэж байна. Энэ тоо ч цаашдаа нэмэгдэх байх. Шинэ ажил амралтын 14/14 гэх уурхайчдын олон жил хүсэн хүлээсэн ажлын хуваарийг хэрэгжүүлж бусад уул уурхайн байгууллагыг түүчээлэн ажиллах байх хэмээн нийт ажилчдын өмнөөс найдаж байна.
Хэрвээ нэр бүхий УИХ-ын гишүүдийн хэлсэнчлэн зүйл болох аваас бид дараагийн хэмжээний арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мэдэгдэж байна гэв.
Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгч компанийн үйлдвэрчний хорооны дарга Д.Жавхлантөгс:
14/14 ажил амралтын асуудал 2012 оноос яригдаж эхэлсэн. Бид 2019 онд хэвлэлийн бага хурал хийж байсан. Урт хугацаагаар ажиллах нь ар гэрийн амьдрал, эрүүл мэндийн байдал зэрэгт нөлөөлж байгаа талаар дуу хоолойгоо хүргэсэн.
Шинэ хуулинд ажил амралтын хуваарь ижил тэнцүү байна гэж заасан.
Бидэнд хийх ажил их байна. Цар тахалтай холбоотойгоор уул уурхайн байгууллагууд ажилтнаа маш урт хугацаагаар сунгаж ажиллуулсан. Миний хувьд 90 хоног сунаж ажилласан. Үүний 65 хоног нь дандаа шөнийн ээлжинд, далд уурхайд ажиллаж өнгөрөөсөн. Сая 45 хоног ажилласан. Ахиад ажил олгогчын шахуу хуваарийн дагуу 45 хоног сунаж ажиллахаар байна.
Хэрвээ 14/14 хуваарийг хэрэгжүүлэхгүй бол бид эсэргүүцлээ илэрхийлэх болно. Манай байгууллагын хувьд 28/14 хуваариар ажилладаг байлаа. Цар тахал эхэлснээс хойш хүний нөөцийн дутагдал, онгоцны хуваарь зэргээс болж сунаж ажиллах болсон. Өнөөдрийн байдлаар ажиллах, тусгаарлагдах хоногтойгоо нийлээд 50/14 хуваариар ажиллаж байна гэв.