/2021.10.10/: 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, Нийслэлийн Түргэн тусламжийн газар, “Токио-2020” олимпын наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллагын төлөөлөл “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, газрын доройтол, шороон шар шороон шуурганы эсрэг хамтран тэмцэж байгаа ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй. Үрслүүлж, арчилж, тордох ёстой. Тариад орхих бус, ургуулах нь чухал гэдгийг хэлэв.
Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд илэрхийллээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов:
“Энэ том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүртэл хувийг зарцуулна гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая хэллээ. Энэ бол Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр болно. Бид энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаа, хамтран ажиллахад бэлэн. Энэ талаар дараа нь нарийвчлан ярилцах байх гэж бодож байна.”
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй:
“Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс тэрбум мод тарьж ургуулах тухай зарласныг бид өндөр үнэлж байна. Эх дэлхий, Монгол Улсын ирээдүй, хойч үеийн төлөө ийм санаачилга гаргасан гэж ойлгосон. Хоёр улсын төрийн тэргүүн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байгаа.”
ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон:
“Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар олон хүндрэл учирч байна. Ирэх сард Глазгоу хотод болох уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдвийн нэг нь ойн салбар юм. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” тарих санаачилга цагаа олсон гэж үзэж байна.”
БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский:
“Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ямар ч санаачилгыг Бүгд Найрамдах Чех Улс дэмжинэ. Би хувьдаа энэ санаачилгыг талархан хүлээж авлаа. Манай хоёр улс байгаль орчин, ялангуяа ойн салбарын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ санаачилга зөвхөн мод тарих биш, байгаль орчныг хамгаалах тухай юм. Өнөөдөр бусад улсын Элчин сайдтай хамт мод тарьсандаа баяртай байна.”
БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Жулиен Пауперт:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга бол маш сайхан санаа. Би Монголд ирээд тавхан долоо хонож байна. Монгол Улс маш үзэсгэлэнтэй, гэхдээ ой мод багатай юм байна. Мод таривал улам үзэсгэлэнтэй болно. Би анх удаа мод тарилаа. Тарьсан модоо эргэж тойрч байх болно оо.”
Дэлхийн банк групп /ДБГ/-ын Суурин төлөөлөгч Андрей Михнев:
“Мод тарих санаачилгад хүн бүр оролцож байна. Өргөн хүрээгээр нь авч үзвэл дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд оруулж буй хувь нэмэр. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсад маш олон сорилт тулгарч байгаа учир илүү их чармайх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлж байгаад баяртай байна.”
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болсон. Өнөөдрийг хүртэл хугацаанд 300 гаруй байгууллага, аж ахуйн нэгж мод тариад байна.
Эх сурвалж: ЕТГ