/2021.10.07/: Авлигатай тэмцэх газраас салбарын болон харьяа агентлаг нэгжид ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, заавар зөвлөгөө өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөмж хүргүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлж байгаа бөгөөд Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, тушаал шийдвэрийг хянан үзэж байна.
Энэ ажлын хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ын үйлчлэх хүрээ, хэрэгжилтийн байдалтай танилцахад сангийн хөрөнгийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах үйл ажиллагаа, ялангуяа хөрөнгийн аюулгүй байдалтай холбоотой зохицуулалтын хувьд салбарын хууль тогтоомжид нийцээгүй, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил дахин гарахад хүргэж болзошгүй эрсдэлүүд тогтоогдсон тул түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад албан зөвлөмжийг гардуулан өгсөн.
Зөвлөмжид
-
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журмыг хүчингүй болгох, цаашид хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахгүй байх
-
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулах хөрөнгийн хэмжээг тухай бүр тогтоон мөрдүүлэх;
-
Хуримтлалын сан үүсгэх, сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулах(нэмэгдүүлэх), захиран зарцуулах, мөнгөн хөрөнгө байршуулах банкыг сонгон шалгаруулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
-
Хуримтлалын сангийн хөрөнгийг өсгөх санхүүгийн бусад хэрэгслийг үр дүнтэй ашиглах чиглэлээр санаачилгатай ажиллах зэрэг асуудлуудыг тусгагадсан бөгөөд эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
Уулзалтын үеэр хоёр байгууллага цаашид салбарын үйл ажиллагааг ил тод болгох, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэсэн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэхээр болов.
Эх сурвалж: АТГ