/2021.10.06/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захирлыг албадан чөлөөлж, оронд нь намын хүн томилох асуудал яригдаж байна.
Тиймээс тус сургуулийн ажилтан, алба хаагчид эсэргүүцэл илэрхийлж, үүдэндээ загсаж байгаа юм. Mpress.mn сайт мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс уншигчдад хоёр талын байрыг хүргэж байна.
84-р сургуулийн үйлдвэрчний хороон дарга Л.Баатархүрээ, "Манай сургуулийн захирал тэтгэвэртээ гарч байгаа. Гавьяаны амралтаа авч байгаа учир оронд нь шинэ хүн томилогдож ирэх шаардлагатай болсон. Багш ажилчдын зүгээс орных нь хүнийг дотроосоо тавихыг шаардаж байна.
84-р сургууль 5 жилийн стратегийн төлөвлөгөөтэй хөтөлбөрт хамрагдсан олон улсын сургууль. Хэн нэг гадны хүн орж ирээд төлөвлөгөөнд гажуудал үүсгэх эсэхийг мэдэхгүй шүү дээ. Манай сургуульд ямар ч алдаа дутагдал байхгүй. Хэрэв тийм тохиолдол гарвал хамаагүй алга сольж болно. Гэтэл өнөөдөр хэн нь мэдэгдэхгүй нэг үүрэг гүйцэтгэгч тавина гэж зүтгээд байна. Өчигдөр захирамж гаргаад захирал С.Мартаг бараг хөөгөөд явуулчихсан. Шинээр томилогдож ирж буй хүний хувьд өөрийгөө ч танилцуулаагүй, ирээд юу хийх ажлын танилцуулга ч байхгүй.
Хэн ирж, хэн явах нь огт хамаагүй. Хамгийн гол нь сургуулийн үйл ажиллагаа доголдохгүй байх нь л чухал.
Манай захирал сургуультайгаа зууралдаад байгаа зүйл огт биш. Бид ажлаа мэддэг, ур чадвартай хүнийг хүсч байна" хэмээсэн юм.
Мөн тус сургуулийн багш Б.Цэрэндолгор, "Шинээр ирж буй захирал хэн нэгний томилгооны хүн. Тиймээс баярлаж угтаж чадахгүй байна. Нийслэл, дүүрэг, орон нутаг аль ч газар боловсролын байгууллагууд томилгооны захирал, дарга нартай болчихсон. Энэ байдлыг зогсоох, жиших тотоох гэж өнөөдөр бид эсэргүүцлээ илэрхийлж байна.
Шинэ ирэх хүнээ бид нарт огт танилцуулаагүй. Сонгон шалгаруулалтад ч ороогүй. Захирамжаа уншиж танилцуулаач гэж бид нарыг гуйхад үгүй гэчихээд өнөөдөр уншаад танилцуулчихая гэсэн. “Та нар шиг хүмүүст уншуулдаггүй” юм гэчихээд яагаад хэлсэн ярьснаасаа буцаад, унших гэж дайраад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Бидний зүгээс хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа. Нэгдүгээрт, Сонгон шалгаруулалт хийх. Хоёрдугаарт, сонгон шалгаруулалт хийхийн тулд түр томилгоо хийх шаардлагатай гэсэн. Тиймээс манай хамт олны дундаас түр үүрэг гүйцэтгэгчийг томилох. Яагаад гэхээр зарим нь түр үүрэг гүйцэтгэгч гэж томилогдоод 5,6 жил явчих тохиолдол байна. Сонгон шалгаруулалт хийх 14 хоногийн хугацаанд манай хамт олны дундаас түр орлон гүйцэтгэгч хийгээд явах чадвартай хүн байгаа" гэв.
Багш нарыг хичээлээ оролгүй энд жагсаал хийгээд зогсож байна гэж яриад байна. Манай багш нар өнөөдөр бүгд хичээлээ орсон" гэлээ.
БЗД-ийн ЗДТГ-ын Нийгэм хөгжлийн хэлтсийн дарга н.Шүрэнцэцэг, “Биднийг сургууль руу огт нэвтрүүлэхгүй “гар, зайл” гэж хөөж байна. Удирдлага нь ажлын байраа хаяад явчихсан. Захирамж 2021 оны есдүгээр сарын 29-ны өдөр гарсан. Үүнээс хойш С.Марта захирал ажилдаа хэд хэдэн удаа ирсэн боловч бидэнтэй уулзаагүй.
"Хөдөлмөрийн нас нь болсон хүн ажлаа өгөөч, дараагийн залуу боловсон хүчиндээ ажлаа тавьж өгөөч" гэсэн шаардлагыг л бидний зүгээс тавьж байгаа. Гэтэл өнөөдөр багш нараа турхирсан, багш нар нь захиралынхаа өмнөөс жагссан байдалтай байна.
Таван өдрийн турш багш нар лоозон барьсан байдалтай байна. Мэдээж жагсаж, цуглаан хийх эрхтэй. Гэхдээ эрхийн хэлбэр зөв байх ёстой. Хичээлийн цагаар хичээлээ хаядаггүй байх ёстой. Цар тахлын үед хүн олноор цуглуулахгүй байх ёстой. Гэтэл 70-80 багш гарч ирж турхирсан, сургуулийн байранд хүүхдүүдэд нөлөөлсөн, удирдлагатайгаа зүй бус харьцаж, гадна дотны хүн гэж үзэж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байна. Залуу багш нарын үг хэллэг гэж авах зүйлгүй, үнэхээр харамсалтай харагдаж байна. Энэ сургууль ёс зүйн хувьд, ёс суртахууны хувьд хүнд доголтой гэдэг нь илэрхий байгаа юм.
Боловсролын тухай хууль, Төрийн албаны зөвлөл гэж байдаг. Дур мэдээд дотроос нь захирал сонгох боломжгүй. Дотроос хүн томилвол Тамгийн газраас өргөдөл гомдол салахгүй. Харин гаднаас хүн томилчихвол удирдахад илүү амар байх болно.
Ирж буй хүний хувьд ч тодорхой шалгуурт тэнцсэн, шалгуур хангасан хүн байгаа. Тус сургуулийн багш нар хуулинд харшлах зүйлийг биднээс хүсээд байна. Сургууль бол төрийн албаны анхан шатны нэгж байгууллага. Тиймээс хуулийн дагуу удирдлагыг томиолох шаардлагатай" гэсэн юм.
Багш, ажилчдын зүгээс "Албан ёсны сонгон шалгаруулалтанд тэнцсэн, ЕБС-ийн захирлын албан тушаалын шаардлага хангахуйц мэргэжил боловсролтой, хамт олон удирдаж чадахуйц хэн ч байсан дэмжинэ. Гагцхүү намын томилгоотой хүн л биш" хэмээн байр сууриа илэрхийлсээр байна.