/2021.09.30/ Ор зохицуулах багийн хувьд маш хүнд, хүнд өвчтөнийг нэн тэргүүнд хэвтүүлэхэд түлхүү анхаарч байна.
Багийнхан эмнэлгүүдээс суларсан ор, хэвтүүлэх нэн шаардлагатай иргэний мэдээллийг тухайн өдрийн оройн 20:00 цагт авч, хуваарилалтыг хийж, маргааш өглөө нь баталгаажуулах байдлаар ажиллаж байгаа юм.
Мөн яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн, халдвар авч хүндэрсэн иргэд эмнэлэгт өөрсдөө очих, үндсэн тусламж үйлчилгээг авах явцад халдвар илэрч, хэвтсэн тохиолдолд тухайн эмнэлгийн зүгээс ор зохицуулах багт цаг алдалгүй мэдэгдсэнээр сулрах орны мэдээлэлд цаг тухайд нь өөрчлөлт хийж байгаа тул мэдээллийн солилцоо, ажлын уялдаа холбоо сайжирч байна.
Ор зохицуулах багаас нэр нь очоогүй иргэнийг хэвтүүлсэн тохиолдолд /дээрх шалтгаанаас бусад/ ЭМДЕГ-аас санжүүжилтийг олгохгүй байх шийдвэр гарсан нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдэд тавих мэдээллийн хяналт сайжирч, орны хүлээгдэл, чирэгдэл буурах чухал ач холбогдолтой заалт болжээ.
Үүнээс гадна тухайн өдөр эмнэлэгт хэвтэж чадаагүй өвчтөнийг ор хүлээх хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвөөс тавих хяналтыг сайжруулах, тандалтын баг нь ор байгаа эсэхийг хайж эмнэлэг дамжихгүй, нэг чиглэлээс мэдээлэл авч байгаа нь иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдэл буурах нааштай тал ажиглагдаж байна гэлээ.