/2021.09.24/ "Хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа учир нэмж ор дэлгэх ямар ч боломжгүй. Өрхийн эмнэлэгт сайн дурын ажилтнуудыг оролцуулах ажлыг зохион байгуулж байна" гэж ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.
Мөн тэрбээр, Ор дэлгэсэн ч ямар ч нэмэргүй. Учир нь үүн дээр ажиллах эмч, мэргэжилтнүүд байхгүй байна. Эмчийг хурдан хугацаанд бэлтгэх боломж байхгүй гэлээ.
Мөн ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, "Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж хүмүүсийн нягтрал ихэссэнтэй холбоотойгоор томуу, томуу төст вирусийн өвчлөл энэ өвөл нэмэгдэх төлөвтэй байна.
Жил бүрийн аравдугаар сараас эхлэн томуу, томуу төст өвчин дэгддэг. Одоогоор нийт эмнэлэгт хэвтэгсдийн 26 хувийг амьсгалын замын халдварт өвчинтэй хүмүүс эзэлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 16-24 болон 50-64 насныхан зонхилж байна.
Тэдний 65,6 хувь 16 хүртэлх насны хүүхдүүд тэр дундаа 45 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Түргэн тусламжийн дуудлагын 9,2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа бөгөөд ковидтой зэрэгцээд томуу томуу төст өвчин эргэлтэд орвол ирэх саруудад нэлээн хүндрэлтэй байх болно. Тиймээс вакцинаа хийлгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн хэрэгжүүлэх хэрэгтэй" гэлээ.
Энэ жилийн хувьд 2-11 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулахаар болсон. Улсын хэмжээнд томуугийн вакцины хамрагдалт 50,5 хувьтай байгаа ажээ.