/2021.09.24/ Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар хөнгөн хэлбэрээр туссан өвчтөн бүрийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажилд анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу өрхийн эрүүл мэндийн төвийг дайчилж буй.
Шинжилгээгээр баталгаажсан нэг иргэнд үзүүлэх эмчилгээний багц 160 мянган төгрөг байхаар баталсан. Үүнд:
- Эмч хоёр удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо /рапид тест/ хийх,
- Хоёр удаагийн хамгаалах хувцас, хэрэгсэл,
- Өдөрт хоёр удаа утсаар тандалт хийх, асуумж авах,
- Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц,
- ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал
Цагаан дээр хараар ийн баталсан ч эмийн багцыг хэдэн төгрөгт багтаах нь тодорхой бус байгаагаас шалтгаалан өрхийн эмнэлэг бүр өөр багц өгч байх юм. Бид Корона вирусын халдвар авсан, ковид туссан хүмүүсийн мэдээлэл солилцох групп-ээс халдвар авсан насанд хүрсэн иргэнд өгч байгаа эмийн багцын талаар судаллаа.