/2021.09.14/: Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов.
Ажлын хэсгийн хуралдааныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг даргалж, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн, холбогдох яам, байгууллага, найрамдлын нийгэмлэг, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов. Ажлын хэсгийн гишүүд ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны хоёрдугаар сарын 24-нд тохиохтой холбогдуулан, Монгол Улсын Засгийн газрын есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгох, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулсан билээ.
Ойн хүрээнд олон нийтийг өргөн хамруулсан, Монгол, Японы найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллах юм. Мөн ойн логоны загвар шалгаруулах уралдааныг энэ оны долдугаар сарын 1-ний өдөр зарласан бөгөөд ажлын хэсгээс олон нийтийг энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг уриалав.
Уралдааны зарыг энд дарж үзээрэй
Эх сурвалж: ГХЯ