Цахим үндэстэн “Хүүхдийн парк“-д амилна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим үндэстэн “Хүүхдийн парк“-д амилна

/2021.09.13/ Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу та бидний нэрлэж заншсан “Хүүхдийн парк” -т дижитал ертөнц тун удахгүй “амилах” гэж байна. Тэртээ 1966 онд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нээгдэж байсан Хүүхдийн парк өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёроос гурван удаа л шинэчлэл хийж байжээ. Тодруулбал, Хүүхдийн парк нь анх 1966 онд 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгжсэн талбай, 8 км зам, пионерийн хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кинотеатр, тунгалаг уст жижиг нуур завь, Алтанхүү баатар, хүч сорих мэргэн буудах тоглоом, хийн буудлага, теннис, биллиард, футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж байв.

Харин 1979 онд 1.8 га талбай бүхий том нуурыг барьж байгуулах ажилд орж, 1980 онд ашиглалтад оруулж байв.

Мөн 1981-1983 онд улсын хөрөнгө оруулалтаар ЗХУ-аас захиалан шинээр алсыг харагч, сюрприз, уран жолоодлогын машин, гэрлэн дохиот, микро автобус, хөгжөөнт аяллын галт тэрэг, далайчин зэрэг 124 мянган төгрөгийн үнэтэй 7 төрлийн том талбайн аттракцин, 129,3 мянган төгрөгийн үнэ бүхий том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай 8 нийт 24 төрлийн автомат тоглоомыг ЗХУ-аас худалдан авч ашиглалтад оруулж байжээ.

1986 оноос урлал чимэглэлийн мастерын газар шинээр байгуулж, байгууллагаа үлгэр жишээ соёлжуулан тохижуулах ажил хийж, энэ хугацаанд хашааны баруун ба төв хаалга, ардын язгуур урлагийн “ Түмэн эх” чуулгын байр, “Хотол баясгалант” харш, гадаадын аялагч жуулчдыг хүлээн авах үйлчлэх өрөө, дэлгүүр ,монгол үндэсний иж бүрэн тоног төхөөрөмжтэй сийлбэр, гоёл чимэглэлтэй гэр, цэцгийн хүлэмж, автомат тоглоомын төвийг шинээр байгуулж байсан түүхтэй.

Тэгвэл 2021 онд Хүүхдийн паркийг шинээр харах цаг тохиох гэж байна. Тодруулбал, Хүүхдийн паркт 9-р сарын 17,18,19-ний өдрүүдэд цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болох “Digital Nation -2021” зохион байгуулагдах гэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани хамтран Хүүхдийн паркт дижитал амьдралын хэв маягаар аялуулахаар бэлтгэлээ хангаад байгаа ажээ.

Тус арга хэмжээг угтан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын санаачилгаар Монголын анхны барилга дээрх 3D зураглалт үзүүлбэрийг Улаанбаатар хотын төв талбай буюу “Төв Шуудан”-гийн барилга дээр иргэд, олон нийтэд 10 хоногийн туршид толилууллаа.

Мөн “Digital Nation-2021” арга хэмжээний нээлтийн үеэр Монголын анхны дрон шоу болон гэрлийн шоу үзүүлбэр болох ажээ.

Монгол Улс нь 2023 онд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүний эхлэл болгож, “Digital Nation -2021” үндэсний арга хэмжээний үеэр 5G туршилтыг хийнэ. 5G туршилтыг үндэсний томоохон компаниуд хийх бөгөөд түүнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахаар зэхэж байна.

Мөн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” -гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулах гэж байна. “e-Mongolia” нь 2020 оны 10-р сарын 1-нд олон нийтэд анх танилцуулагдсан бөгөөд өдгөө 56 байгууллагын 540 үйлчилгээ нэгтгэгдэж, 1,9 сая хэрэглэгчтэй болоод байгаа ажээ. Тус систем нь шинэчлэгдсэнээр иргэд бичиг баримтаа биедээ авч явах шаардлагагүй болох бөгөөд гар утасны аппликейшнээсээ бичиг баримтаа үзүүлэх боломжтой болж буйгаараа онцлог юм. Мөн иргэд тус систем рүү хялбар нэвтрэх гаргалгааг хийж байгаа ажээ.

Энэ мэтчилэн олон гэнэтийн бэлэгээр дүүрэн байх “Digital Nation -2021” үндэсний арга хэмжээний үеэр уламжлал ёсоор “Цахим Үндэстэн” хэлэлцүүлэг, “Women in ICT” олон улсын болон дотоодын форум, Боловсрол, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал зэрэг сэдэв дор салбарын цахим шилжилт хэлэлцүүлгүүд бүтэн гурван өдрийн туршид өрнөх юм.

Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах цахим шилжилтэд түүчээлэх энэ намрын томоохон арга хэмжээ “Digital Nation-2021”-т урьж байна.

“Digital Nation -2021” үндэсний арга хэмжээ 09-р сарын 17, 18, 19-нд Хүүхдийн парк дээр зохион байгуулагдана. Тодруулбал, 2021 оны 09-р сарын 17-нд өглөөний 09.00 цагт “Digital Nation-2021” арга хэмжээ үүдээ нээх бөгөөд энэ өдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойн баярын хурал, Women in ICT forum хэлэлцүүлэг, тус салбарын B2B уулзалт, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн болох аж. Харин албан ёсны нээлт 2021 оны 09-р сарын 17-ны 20.00 цагт болно.

Олон гэнэтийн бэлэг байгаагаас дурдвал: рок попын "оч" болсон хамтлаг дуучид, "газар аваад" байгаа залуу уран бүтээлчид ирэх аж.

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Х.Ганбаатар: МХЕГ-аас хувийн хэвшлийнхэнд хяналт шалгалт хийдгийг болиулах хэрэгтэй
Х.Ганбаатар: МХЕГ-аас хувийн хэвшлийнхэнд хяналт шалгалт хийдгийг болиулах хэрэгтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.