/2021.09.10/ Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн шинэ уран бүтээл болох “Монголын Сүүлчийн Эзэн Хаан” уран сайхны киноны нээлт өчигдөр боллоо.
Киноны эхний ангийг Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Богд хаан” нэртэйгээр 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр нээж байсан юм. Үүнээс хойш 10 жилийн дараа ийнхүү хоёрдугаар ангийг хийж үзэгчдийн хүртээл болгож байгаа ажээ.
Нээлт Богд хааны ордон музейн гадна талбайд зохион байгуулагдсан юм.
Киноны зохиолч МУСГЗ, Төрийн шагналт Д.Төрбат, "Энэ киноны гол санаа бол "тусгаар тогтнол" юм. Монгол Улсын тусгаар тогтнол шиг эрхэм зүйл өнөөдөр байхгүй гэж би боддог. Тиймээс уг киноны хоёрдугаар ангийн зохиолыг найруулах их хувь заяа надад тохиосон.
“Монголын Сүүлчийн Эзэн Хаан” кинонд мандан бадарч байгаад бууран доройтож буй төр засгийн тухай өгүүлнэ. Төр хүчтэй байх нь хүмүүсийн оюун сэтгэлд төрсөн их тангарагаас үүсдэг гэж би боддог. Энэ тангараг бол өнөөдөр бидэнд өгч буй тусгаар тогтнол, эрх чөлөөний тухай дуулал юм.
Наймдугаар Богд Жавзандамба Хутагт тавхан настайдаа монголд ирсэн. Тавхан настайдаа тангад хэлээ мартаж монгол хэл сурсан хүн. Энэ хүн бидний төлөө амь насаа өгсөн юм" хэмээн тэрбээр киног нээж үг хэллээ.
Кино Наймдугаар Богд Жавзандамба Хутагтыг Богд хаанаар өргөмжилж буй үеэс 1924 оны тавдугаар сарын 20-нд таалал төгссөн үеийг хүртэл өгүүлэх аж.
Киноны гол дүрд Богд хааны дүрийг жүжигчин Ч.Болд, эх дагина Дондогдуламын дүрд жүжигчин Батсумъяа нар тогложээ.