/2021.09.06/ Нийслэлийн ИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Нийслэлийн онцгой байдлын газарт шаардлагатай зарим техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, гамшгийн аюулыг иргэдэд зарлан мэдээлэх дуут цамхаг, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, үүссэн хор уршгийг арилгах зориулалт бүхий ус соруулах зөөврийн насос, тусгай зориулалтын авто чиргүүл бүхий хөдөлгөөнт явуулын байр зэрэг нийт 180 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.
Ус соруулах насос нь их хэмжээний усыг соруулах, гал унтраах автомашиныг усаар дүүргэх зориулалттай. Цагт 300м/куб усыг 12 метр хүртэл гүнээс соруулах хүчин чадалтай юм. Түүнээс гадна цахилгаан үүсгүүр, дуут болон гэрлэн дохио, гадна дотно хяналтын камер, дэлгэц суурин станц, био ариун цэврийн суултуур зэрэг шаардлагатай тоноглол бүхий явуулын байрыг дөрвөн улирлын турш ашиглаж болох ажээ.
Харин зарлан мэдээллийн дуут цамхгийн хувьд иргэдийг болзошгүй гамшиг ослын аюулаас амжиж анхааруулах, зөвлөмж, сэрэмжлүүлгийг нэвтрүүлэх зорилготой юм байна. Уг цамхгийг зайнаас унтрааж асаах, цахилгаан тасарсан үед ажиллах тэжээлийн үүсгүүр, нийслэлд суурилсан 60 ширхэг цамхагтай шууд холбон ажиллуулах тохиргоотой аж.