УИХ-ын дарга Г.Занданшатар Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхлаа

/2023.04.26/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгарч байгаа өнөө үед хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч төрийн айлчлал хийж байгаад Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д талархал илэрхийлэв. Тэрбээр, Бүгд Найрамдах Польш Улс нь манай улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, идэвхтэй хөгжиж байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дурдаад цаашид боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Монгол Улсын Их Хурлаас Бүгд Найрамдах Польш Улсын парламентын Дээд, Доод танхимтай хамтран ажиллана гэлээ.

Мөн Бүгд Найрамдах Польш Улс манай улсад Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч Анджей Дуда-гийн төрийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаа нь хоёр улсын иргэд хоорондын харилцааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болохыг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Польш-Монголын харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, улс төр, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, соёл, боловсрол зэрэг салбарт өргөжин бэхжиж буйг онцлоод энэ удаагийн төрийн айлчлал Польш-Монголын харилцааг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, Монгол Улс нь асар их нөөц бололцоотой орон гэдгийг цохон тэмдэглээд, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэв.

Хоёр улсын Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хоорондын харилцааг улам идэвхжүүлж, Элчин сайдын яамандаа ирэх оноос Консулын хэлтэс ажиллуулахаар болсныг дуулгав. Түүнчлэн Польшид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой бөгөөд оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгож, шинэ боломжуудыг нээхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа талууд илэрхийллээ.

Эх сурвалж: УИХ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.