Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах талбарт ажиллажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах талбарт ажиллажээ

/2023.04.24/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах талбарт ажиллах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төслийн явц байдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Төслийг 2018 оны тавдугаар сард хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, Монгол Улсын Засгийн газрын 160 дугаар тогтоолоор санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Уг станц ашиглалтад орсноор жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд баруун бүсийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой юм.

Төслийн гүйцэтгэгчээр “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарсан бөгөөд 271.48 сая ам.доллар буюу хамгийн бага үнээр барьж байгуулах юм. Ингэснээр төслийн хөрөнгө оруулалтыг 17 сая ам.доллараар бууруулж байгаа бөгөөд төслийг Европ стандартын дагуу гүйцэтгэхээр гэрээний хэлэлцээрт тусгасан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баруун гурван аймаг эрчим хүчний хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авдаг байдлыг зогсоохын тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах ёстой. Эрчим хүч нь Үндэсний аюулгүй байдалд хамаарагддаг. Тийм учраас эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангадаг байх цаашлаад экспортлогч орон болохыг зорин ажиллаж байна. Үүнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын үүрэг өндөр” гэдгийг онцлоод төслийг хугацаанд дуусгахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Сайд Б.Чойжилсүрэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас БНХАУ-ын талд хөл хорио удаан хугацаагаар үргэлжилсэн нь Экспорт-Импорт банкны зээлийн судалгааны ажил удаашрахад нөлөөлсөн ба хөл хорио цуцлагдсанаар тус банкны ажлын хэсэг энэ оны гуравдугаар сард төслийн талбарт ирж ажилласан гэдгийг хэллээ.

Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор:

  • Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ
  • УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно
  • Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломж бүрдэнэ
  • Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой бүрдэж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдсанаар орон нутаг, иргэдийн орлого нэмэгдэнэ
  • Загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ
  • Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх юм.

Эх сурвалж: ЕТГ

“Дулаан шарын гол” ТӨХК-ийн удирдлагуудад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
“Дулаан шарын гол” ТӨХК-ийн удирдлагуудад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.