/2023.04.19/: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээж авч уулзлаа.
Уулзалтаар 2023 он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар дэлхийн 103 оронд бүртгэгдэж, манай хөрш ОХУ, БНХАУ зэрэг арав гаруй оронд дэгдэлт хэлбэрээр гараад байгаа улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалттай холбоотой асуудлыг хөндөн ярилцсан.
Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Хүүхдийн сангийн зүгээс улаан бурхны вакцин худалдан авахтай холбоотойгоор 400 мянган ам.долларыг төвлөрүүлж буйг мэдэгдээд вакциныг аль болох богино хугацаанд татан авах асуудлаар Хүүхдийн сангийн төв оффисс болон Хангамжийн хэлтэстэйгээ холбогдон ажиллаж байна гэлээ.
С.Чинзориг сайд улаан бурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулахтай холбоотой хэд хэдэн асуудлыг богино хугацаанд шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлээд “Улаан бурхан өвчний дэгдэлт дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдэж, 2021 оны дэгдэлтийн түвшинтэй харьцуулахад гурав дахин өндөр гэсэн статистик мэдээлэл байна.
Манай хөрш ОХУ-д дэгдэлт хэлбэрээр улаан бурхан өвчин гарч байгаа төдийгүй Сэлэнгэ аймагтай хил залгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Хиагт хотод хоёр тохиолдол батлагдсан байна. Тиймээс бид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад онцгой анхаарал тавьж байгаа. Улаан бурхан өвчний эсрэг вакцины нэгдүгээр тунд 40 гаруй мянга, хоёрдугаар тунд 60 гаруй мянган хүүхэд хамрагдаагүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Иймд улаан бурхны дэгдэлт хөрш зэргэлдээ орнуудад гарч байгаа нөхцөлд дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллах болно” гэв.
Эх сурвалж: ЭМЯ