/2023.04.11/: Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв стандартын шаардлага хангасан лаборатори бүхий шинэ барилгаа ашиглалтад хүлээж авч, нээлтийн ёслолыг нь энэ сарын 9-нд хийлээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв аймаг, дүүргүүдэд 14 салбар нэгжтэй. Тэдгээрээс ердөө дөрөв нь өөрийн гэсэн барилгатай, бусад нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг талаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдын алба хүлээж аваад удаагүй байхдаа ЗӨСҮТ-д очиход танилцуулж байсан.
Тэгвэл Өвөрхангай аймаг дахь Зоонозын өвчин судлалын төв энэ өдөр өөрийн гэсэн шинэ байрандаа төвхнөж, ажиллагсад нь тав тухтай орчинд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторид ажиллаж, хүн амын дунд гарч болох мал амьтнаас хүнд халддаг элдэв өвчин, ковид-19-тэй адил шинэ болон сэргэж болзошгүй халдварт өвчнийг илрүүлэх тандан судалгааг явуулах, урьдчилан сэргийлэх боломж тодорхой хэмжээгээр бүрдэж буйд баяртай байлаа.
Улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан шинэ барилгын нээлтэд оролцсон Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 халдварын үед хамгийн их ачаалалтай ажилласан Зоонозын төвийн эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулах, ажиллах боломж бололцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа амлалаа.
Монгол Улсын хэмжээнд зоонозын өвчний байгаль дахь тархалт цар хүрээ, идэвхжлийг тогтоож, эрсдэлийн дагуу бүсчлэх, зоонозын өвчний дэгдэлтийн үед голомтод эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах, орон нутгийн харьяа байгууллагууд болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, лабораторийн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, улсын хэмжээнд зоонозын халдварт өвчний мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үйл ажиллагааг явуулдаг зоонозын салбарынхан онцгой нөхцөл үүссэн үед ажилладаг онцгой албаныхан хэрнээ Төрийн хэмнэлтийн тухай хуулиар томилолтын зардал, түлш шатахууны зардлыг нь төрийн захиргааны байгууллагатай адилтган хассан алдааг залруулах ёстой гэсэн байр суурьтай байдгаа онцлоод халдварт өвчний голомтод тэргүүн шугаманд ажилладаг зоонозын мэргэжилтнүүдийг эрсдэлийн даатгалд хамруулах ажлыг хийж байгаагаа дуулгасан.
ЗӨСҮТ-ийн захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч Н.Цогбадрах зоонозын өвчний эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед орчин үеийн шаардлага хангасан лаборатори бүхий барилгатай болж буй Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хамт олонд баяр хүргээд улсын хэмжээнд орон нутагт анхны жишиг байртай болж буйг нь онцолсон.
Шинэ барилгын нээлтийн ёслолд оролцсон С.Чинзориг сайд тус төвийн хамт олонд шинэ болон сэргэн гарч буй халдварт өвчний үед шинжилгээ хийх хүчин чадалтай ПСР аппаратыг хүлээлгэн өглөө.
Эх сурвалж: ЭМЯ