/2021.09.02/ Сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийн талаар хийсэн мэдэгдэлд хариу өгч тус сургуулийн талаас тайлбар өглөө.
Наймдугаар сарын 26-нд БШУ-ы сайд, их, дээд сургуулийн удирдлагуудын хамтаар хийсэн мэдэгдэлдээ Монголын Үндэсний Их сургуулийг луйвар хийдэг хэмээн цоллосон. Энэ нь эрх зүйн хувьд доромж утгатай, гүтгэсэн үг хэллэг болно.
МҮИС-ийн хувьд СБД-ийн иргэний хэргийн шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагад:
- Сайд Л. Энх-Амгалан уучлал гуйх
- Луйвар хийдэг хэмээн хэлсэн үйлдэлдээ няцаалт хийх
- Хэлсэн үгэндээ залруулга гаргах хамаарч байна.
Хичээлийн жилийн элсэлт эхэлсэн үед Улсын, Үндэсний гэх үгийг ялгахгүйгээр тус сургуульд ажиллагсад, оюутан, төгсөгчид, тэдгээрийн гэр бүлд дайрч давшилсан тун бүдүүлэг үйлдэл гэж үзэж байна.
Үндэсний гэх үг агуулсан 1000 гаруй ААН бий. Энгийнээр ярихад Монголын гэх овогтой хүн байвал яах вэ? Үүнийгээ хуулийн хүрээнд маш нарийн зааглаж өгөх ёстой.
Нэртэй холбоотой маргаан эртнээс улбаатай. Хуулийн хүрээнд МҮИС гэх нэр 2017 онд баталгаажсан. 2013 онд дүрс, авиа зүйн хэллэг, Англи хэллэг зэрэг нь өөр учраас ямар нэг эрхийн зөрчил байхгүй гэх дүгнэлт гарчээ.
Үндэсний коллежээс эхлээд Монголын Үндэсний дээд сургууль, Монголын Үндэсний Их сургууль болсон. Нэр тус бүрд улсын бүртгэлийн газраас дээрх нэршлийг өгсөн болж таарна. Нэрний цаана маш их оюуны бүтээл бий. Мөн төгсөгчид маань ч гэсэн сургуулийнхаа нэрийг бариад олон улсад сурч байна. Тэрхүү хүмүүсийн нэр төрийг төлөөлж байгаа тул нэрээ шууд солих боломжгүй.
Төгсөгчдийн 60 гаруй хувь нь мэргэжлийнхээ дагуу ажил эрхэлдэг гэсэн судалгаа бий.